Амаржаад удаагүй байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт углааш, халадтай нь гаргаж ирэн, ХӨСҮТ-рүү авч явсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж, шүүмжлүүлээд буй. Өнөөдөр иргэд Сүхбаатарын талбайд жагсан УОК-ыг огцрохыг, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байгаа билээ.
Жирэмсэн эмэгтэйн асуудлаар “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалангаас тодруулахад “Тухайн эмэгтэй батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Нөхрөөс нь халдвар илэрсэн юм л даа. Тиймээс тухайн ээжийг яаралтай тусгаарлаад, шинжилгээ авсан. Хариу нь эерэг гарсны дараа заавар, зөвлөмжийн дагуу ХӨСҮТ рүү шилжүүлсэн юм. Манай эмнэлэгт эргэлт оруулахгүй байгаа. Гадуурх хувцсыг нь буцаагаад өгөөд явуулчихдаг. Тиймээс гадуур хувцсыг нь гэрээс нь авч ирүүлэх, өмсгөх боломж байгаагүй. Маш яаралтай хугацаанд тээвэрлэгдсэн. Тээвэрлэх явцад хандлагын болон хариуцлагын алдаа гаргасандаа бид уучлалт гуйн, сошиалд мэдээлэл тавьсан. Мөн хамгийн гол нь бид тухайн эх, гэр бүлийнхнээс нь уучлалт гуйсан. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn