Жирэмсэний эхний 10 долоо хоногт ямар өөрчлөлт гарах вэ?

0
0
225

Нэг долоо хоногтойдоо таны хүүхэд: Та одоохондоо өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэж амжаагүй л байгаа болов уу. Сүүлийн сарын тэмдэг дууссан тэр цагаас эхлэн жирэмслэлтийн хугацаа эхэлснийг бас та анзаараагүй байх. Жирэмслэлт 40 долоо хоног үргэлжилдэг гэж хүмүүс ярьдаг ч ихэвчлэн 38 долоо хоногтойдоо төрдөг байна.

Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсний эхний 12 долоо хоногт ихээхэн энерги, хүч шаардсан цаг хугацаа өнгөрдөг. Яагаад гэвэл бие мах бод шинэ амьдралыг бүрэлдүүлэн бий болгох гэж түүндээ дасан зохицохын тулд ихээхэн ачаалал авдаг.  Таны хоол идэх дуршил нэмэгдсэнийг та анзаарах болно. Учир нь таны идэж буй хоол хүнсний шим тэжээлт чанар нь тээж буй хүүхдийн тань эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Дараагийн есөн сарын турш юу идэхээ одооноос төлөвлөж, ямар хоол хүнс ашигтай болоод ямар нь ашиггүй, хүүхдэд хортой талаар мэдлэгээ одооноос дээшлүүлж эхлэхийг зөвлөж байна. Түүнчлэн одоогоор та ямар нэг жирэмсний витамин ууж эхлээгүй байгаа бол одооноос эхлэн фолийн хүчил /600-800 микрограм м/ агуулсан олон найрлагат витамин тухайлбал, Пренатал, Элевит зэргийг эмчийн заавраар ууж эхлэхийг зөвлөж байна. Ингэхийн тулд мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандан аль тохирох амин дэмээ сонгож болох юм.                                                                                 

Хоёр долоо хоногтойд таны хүүхэд: Энэ долоо хоногоос эхлэн олонх эмэгтэйчүүдэд жирэмсний даавар ялгарснаас мартамхай болох, тайвшрах, юманд санаа зовох нь багасах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Та жирэмслэхээр хүлээж байсан бол энэ долоо хоногоос эхлэн тестээр үзэхэд тохирох үе нь юм. Энэ үед тестээр жирэмслэлтийг илтгэх хоёр зураас гарах болно. Ер нь сарын тэмдгийн ирэх хугацаа хэтэрснээс хойшхи эхний хоногт тестээр үзэхэд хариу нь үнэн зөв гарах магадлал 10 хувьтай байдаг байна. Тиймээс жирэмслэлтийг тогтоох тестийг эхний хоёр долоо хоног өнгөрсний дараа үзэхийг зөвлөдөг аж.  Энэ долоо хоногт хөх тань эмзэг, хөндүүр болсныг та мэдрэх болно. Учир нь таны биед маш их хэмжээний эстроген болон прогестерон даавар ялгарснаас хөхний тань булчирхайнууд өсч томорч эхэлнэ. Ингэснээр хөх хөндүүртэй болж, энгийн үеийнхээс томорсон мэт мэдрэмж төрдөг. 

Гурван долоо хоногтойд таны хүүхэд: Энэ долоо хоногоос эхлэн та хэвлий дэх хүүхдэдээ маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхийн тулд буруу зуршлуудаасаа татгалзаж, тамхи, архины хэрэглээг таслан зогсоох хэрэгтэй. Урагт тань хор нөлөө үзүүлэх эмийн бүтээгдэхүүнээс ч ялгаагүй хол байх хэрэгтэй. Каффейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс /кофе, ургамлын гаралтай эм, цай/ татгалзах хэрэгтэй. Та ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа бол энэ нь урагт тань нөлөөлөх эсэх талаар эмэгтэйчүүдийн эмчээс даруй зөвлөгөө аваарай. Энэ долоо хоногоос эхлэн өдөрт таваас доошгүй удаа бага багаар хооллож занш. Мөн уух усныхаа хэмжээг нэмэгдүүлэх нь бие мах бодийн дархлааг сайжруулах эерэг нөлөөтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх учир жирэмсэн эх та эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Түүнчлэн фолийн хүчил агуулсан олон найрлагат витаминыг эмчийн заавраар уугаарай. 

Дөрвөн долоо хоногтойд таны хүүхэд: Энэ долоо хоногт үр тогтсон эс умайн хананд илүү бат бөх байршиж, тэрээр хүйгээр дамжуулан эхэсээс шим тэжээлээ авна. Энэ үйл явц нь үргэлжилсээр өөрийн хэлбэр дүрсээ олдог билээ. Жирэмсний шинж тэмдгүүд илүү тодорсон байгааг та өөрөө анзаарах болно. Тухайлбал, ядарч сульдах, дотор муухайрах, таргалах, хөх эмзэглэлтэй болох, арьс болон үсэнд өөрчлөлт гарах зэрэг илрэх болно. Жирэмслэлтийн эхний хэдэн долоо хоногийн турш таны бие мах бод долоо хоногийн 24 цагийн турш ямар ч амралтгүйгээр тээж буй ургийнхаа төлөө зогсолтгүй ажилладаг. 

Таван долоо хоногтойд таны хүүхэд  Энэ долоо хоногоос эхлэн тээж буй хүүхдийн тань ходоод гэдэс, тархи, нугасны холбоос, зүрх, цус болоод цусны судаснууд хэлбэр дүрсээ олохоор эхлэл нь тавигджээ. Таны ураг энэ долоо хоногт 1/8-1/16 инч /нэг инч нь 25,4 мм-тэй тэнцдэг/ өндөртэй болсон байгаа. Түүнийг хаанаас нь ч харсан одоогоор С хэлбэртэй байгаа. Энэ долоо хоногт олон жирэмсэн эхчүүд шаардлагагүй зүйлсэд санаа зовох нь нэмэгдэж, тээж буй хүүхэд нь ямар төрөх бол, эрүүл төрүүлж чадах болов уу үгүй болов уу зэргээр стресст өртөх нь их байдаг.

Тиймээс бусад жирэмсэн эхчүүдтэй санал бодлоо солилцож, ганцхан та бус тэд ч бас тан шиг олон зүйлд санаа зовдгийг нь олж мэдвэл танд санаа зовох зүйл багасах болно. Учир нь жирэмслэлтийн үед сэтгэл санаа тогтворгүй байдгаас ийнхүү санаа зовох нь элбэг тохиолддог байна. Бусад эхчүүдтэй сэтгэл санаагаа хуваалцсанаар та урам орж, хэвлий дэх хүүхдээ ч эрүүл саруул тээж чадна. Энэ долоо хоногоос эхлэн эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчийн хяналтад орох бэлтгэлээ базаах хэрэгтэй.    

Зургаан долоо хоногтойд таны хүүхэд: Энэ үед ургийн тань зүрх цус шахаж эхлэх бөгөөд мэдрэлийн сүлжээнүүд нь сээр нуруу болон хөгждөг. Мэдрэлийн тогтолцоо жирэмсний эхний хугацаанд ийнхүү идэвхтэй өрнөдөг учир ургийн гажиг үүсгэхгүйн тулд фолийн хүчил уухыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг билээ.   Энэ долоо хоногт ураг С хэлбэртэй байх ба гар, хөл хэлбэрээ олж, арьс нь нимгэн учир дотор гадаргүй нэвт харагдахаар биеийг бүрхэж байгаа. Ургийн биеийн өндөр ойролцоогоор 6.2 миллметртэй тэнцэх хэмжээтэй болжээ. Харин түүний зүрх энэ ертөнцтэй мэндлэхээсээ өмнө 54 сая удаа цохилно гээд та бод доо. Гайхамшигтай биш гэж үү. Энэ үед ээжүүдэд маань жирэмсний даавар улам ихээр ялгарах учир бөөлжис цутгах, дотор муухайрах мэдрэмж ч бас илүү ажиглагддаг. Улмаар толгой эргэх нь ч бий. Түүнээс гадна ядарч сульдах, зарим зүйлийг жигших, ааш зан өөрчлөгдөх, эмзэг болох зэргээр энгийн үеэс огт өөр болсноо та мэдрэх болно. Тиймээс ажлын ачааллаа багасгах, зав боломж л гарвал амраад байвал дээрх сөрөг мэдрэмжүүдийг нимгэлэхэд тустай байдаг аж. Судлаачдын тайлбарлаж буйгаар бөөлжис хүрэх, дотор муухайрах зэрэг мэдрэмж нь бие мах бодод жирэмслэлтийг дасан зохицуулах, элдэв эрсдэлээс хамгаалах, ургийг болон ээжийг нь эрүүл, тэнцвэртэй байлгахад нөлөөлдөг чухал өөрчлөлт аж. Энэ хугацаанд фолийн хүчил агуулсан олон найрлагат витаминаа эмчийн заавраар тасралтгүй уухаа бүү мартаарай. 

Долоон долоо хоногтойд таны хүүхэд: Яг одоо таны хүүхдийн толгой биеийнхээ гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй том байгаа. Тархи болоод нүүрний хэсэг хурдтай хөгжиж байна. Мөн хамрын нүх болон нүдний болор нь хэлбэрээ олохоор хөгжиж байгаа. Гарын алга болон хөлийн ул ч хэлбэрээ олж байна. Одоо тэрээр ойролцоогоор найман миллметртэй тэнцэх өндөртэй болжээ. Таны биед явагдаж буй өөрчлөлтүүдийг та төдийлөн анзаараагүй байж мэднэ. Ямартаа ч бага зэрэг таргалж буйгаа та мэдэрч эхэлсэн байх. Жирэмсэн эмэгтэй бүхний биед өөрчлөлт маш аажмаар явагддаг. Та өмнө нь төрж байсан бол энэ удаад тээж буй ураг тань таныг жирэмсэн гэдгийг хэн бүхэнд маш хурдан мэдрүүлэх болно. Тухайлбал, гэдэс тань анхны жирэмслэлтээс илүү том байхыг та анзаарна. Гэвч хоёр дахь жирэмслэлт ч гэсэн хордлого, ядрах сульдах, дотор муухайрах зэрэг зовиуруудыг тойрдоггүй.  Одооноос эхлэн та ажилладаг байгууллагынхаа хүний нөөцийн мэргэжилтэнд хандаж жирэмсний амралтаа хэзээ авах болон авсан тохиолдолд жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг олгох эсэх талаар лавлах хэрэгтэй. Хэрэв танай байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол та одооноос өөрөө хувиараа төлөөд эхэлбэл, есөн сарын дараа гэхэд нийгмийн даатгалаас жирэмсэн болон амаржсаны тэтгэмжээ олж авах болно.   

Найман долоо хоногтойдоо таны хүүхэд: Энэ үед түүний тархи идэвхтэй хөгжиж байна. Гар болон хөлийн хуруунууд хэлбэрээ олж байна. Уушги, чих, нүд, уруул, хамар ч мөн байгалийн хэлбэрээ олж байна. Бие нь бүхэлдээ цэгцэрч, янз бүрийн хөдөлгөөн хийж эхлээд байна. Одоо тэрээр ойролцоогоор 12 миллметр өндөртэй болжээ.  Танд одоо ч гэсэн бөөлжис цутгах, дотор муухайрах мэдрэмжүүд хэвээр хадгалагдаж байж болно. Судлаачдын үүний учир шалтгааныг нарийн тогтоогоогүй байна. Ямартаа ч биед тань өдрөөс өдөрт нэмэгдэж буй жирэмсний даавартай энэ нь холбоотой юм. Энэ үед түгээмэл ажиглагдах зүйл нь хажуу тийшээ эргэх, эсвэл сууж байгаад босоход аарцаг, нуруугаар өвдөж болох юм. Таны умай өмнөхөөсөө илүү жинтэй болж хэвлийн булчингууд ч үүнийг дагаад ачаалал авч байгаа. Тиймээс та энэхүү өвдөлтөд санаа зовниж буй бол мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. 

Есөн долоо хоногтойдоо таны хүүхэд: Энэ үед ургийн тань зүрх бараг гүйцэд хөгжсөн байдаг. Нүдний зовхи нь хэлбэрээ олж, үсний уутанцрууд үүсдэг. Бас ураг маань одоо зогьсч чаддаг болсон байгаа. Хөл, гарын хууруунууд хөгжсөөр, мөчний яснууд хөгжиж байна. Энэ үед ураг гараараа нүүрэндээ хүрч чаддаг болсон байгаа. Хөл, гар нь чөлөөтэй хөдөлнө. Одоо тэрээр 18 миллметр өндөртэй болжээ.  Энэ долоо хоногт таны дотор муухайрах нь дээд цэгтээ хүрдэг. Харин сайн мэдээ нь гэвэл шинээр эхлэх долоо хоногт таны дааврын хэмжээ тогтворжиж, танд төрөх мэдрэмж ч илүү тааламжтай байх болно гэсэн үг. Гэвч бас муу мэдээ бий. Юу гэвэл хамгийн эрсдэлтэй үе энэ юм. Тиймээс энэ үед бөөлжсөн хэвээр байвал хангалттай хэмжээний цэвэр ус ууж, илүү сайн амрах хэрэгтэй. Одоо таны умай хэвийн үеийнхээсээ хоёр дахин томорч теннисний бөмбөгний дайтай хэмжээтэй болжээ.  Энэ үед зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны асуудалд санаа зовдоггүй бол зарим нь их эмзэг хүлээж авдаг. Мөн энэ үед та үс, арьсаа хэрхэн өөрчлөгдөж буйг анзаарай. Таны үс илүү хүчирхэг, гялалзсан эсвэл тослох, нарийн, зөөлөн болсон байх болно. Та заавал дасгал хөдөлгөөн хийх гэж яарах хэрэггүй ч ойрхон зайд алхаж бодисын солилцоогоо дэмжихийг хичээгээрэй. 

Арван долоо хоногтойдоо таны хүүхэд: Анагаахын ухаанд энэ долоо хоногоос өмнө таны хүүхдийг эмбрион хэмээн нэрлэж байсан бол одоо жинхэнэ утгаараа ураг хэмээн нэрлэнэ. Одоо түүний нүдний зовхи нь нүдийг хамгаалж анивчиж байгаа. Тэрээр хааяа хааяа амьсгалах хөдөлгөөн хийж байна. Арьс нь өмнөхөөсөө аажмаар зузаарч, бэлэг эрхтэн нь хэлбэрээ олж байгаа. Одоо түүний өндөр нь нэг инч буюу 25.4 миллметр болсон байгаа.  Танд баяр хүргэе. Одоо таны умай томорсоор бейсболлын бөмбөгний дайтай болжээ. Толинд харахад гэдэс тань мэдэгдэхүйц хэлбэртэй болж, бэлхүүсний тойрог бүдүүрч эхэлсэн байх болно. Энэ хооронд хөх тань завгүй ажиллаж байгаа. Жирэмсний эхний хэдэн долоо хоногийн турш прогестерон даавар ихээр ялгарснаас сүүний булчирхайнууд бяцхан үрийн тань хоолыг бэлдэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Улмаар хөхний хэмжээ ч томорч, судаснууд нь тодорч харагдах бөгөөд хөхний толгой ч мэдэгдэхүйц томорно. Ингэснээр хүүхдийн анхны хоол болох ангир уургийг түүнд амлуулахад илүү хялбар болгох гэж бие мах бод тань ажиллаж буй хэрэг юм. 

Энэ долоо хоногт та жин нэмсээр байгаагаа мэдэрнэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Таны жингийн нэмэгдэлд хяналтын эмч тань ямар нэгэн санаа зовоосон зүйл олж харахгүй бол энэ нь хэвийн өөрчлөлт юм. 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Э.Цэндбаатарт боломж олгож, О.Тулгатай өрсөлдүүлэхээр боллоо

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.16) хуралдаж, Гавьяат тамирчин Э.…