Г.Анар: 18-30 насны залуусын дунд В вирүсийн хурц халдвар бэлгийн замаар дамжих эрсдэлтэй хэмээжээ

0
0
254

В вирүсийн халдвар, тархалтын талаар УКТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн эмч Г.Анартай ярилцлаа.

-В вирүс элгэнд ямар нөлөөтэй вэ?

-Монголчууд элэгний В вирүс гэдэг зүйлийг маш их сонссон байдаг. Гэр бүлд нь элэгний асуудалгүй эсвэл элгээр нас бараагүй хүн ховор. Судалгаанаас харахад манай хүн амын 10 гаруй хувь нь элэгний В вирүсийн халдвар авсан байдаг. Гэтэл энэ вирүснээс яаж хамгаалах, халдвар авсан бол яаж эмчлэх, ямар шинжилгээ өгөх тал дээр монголчууд тэр бүр мэдлэг дутуу байгаа нь өвчлөл, нас баралтыг өндөр байлгах нэг шалтгаан болж байна. В вирүсийн халдвар архагшсан тохилдолд удмын мэдээллээ элэгний эсэд оруулж, тэр хүнийг насан туршид тээгч болгодог. Архаг халдвар болж, элэгний архаг үрэвсэл байгаа тохиолдолд В вирүсийн эмийг тогтмол уух шаардлагатай болно. Ийм байдалд орохгүйн тулд В вирүсийн вакциныг товлолт хугацаанд нь зайлшгүй тариулах шаардлагатай.

-Манай улс хүүхдийг төрсний дараах 24 цагт В вирүсийн эсрэг вакциныг тарьдаг. Энэ вакцин насан туршид нь хүнийг хамгаалах уу?

-Вакцины үүсгэсэн дархлааг 10-15 жилийн дараа сулардаг гэж заадаг. Бодит байдал дээрээ 7-8 жилийн дараа ч багассан байх тохиолдол олонтаа. Үүний хажуугаар гол халдвар авах нас манай улсад 18-30 нас байна, гол халдвар тархах зам нь бэлгийн зам байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм болохоор уншигчид маань хэрэв 18 хүрж байгаа хүүхэдтэй бол В вирүсийн эсрэг дархааг илтгэдэг anti-HBs, халдвар авж байсныг илтгэдэг anti-HBc үзүүлэлтүүдийг хүүхдүүддээ (өөрсдөдөө ч үзүүлэхэд буруудахгүй) үзүүлэх хэрэгтэй. Хэрэв халдвар авж байгаагүй, дархлаа нь 10-тай ойролцоо буюу бага бол давтан дархлаажуулалтанд хамрагдаарай гэж зөвлөмөөр байна. Сайн дурын дархлаажуулалтыг дүүргийн эмнэлэг дээр хийж байгаа. ЭМЯ-ны дансанд нэг удаагийн тунгийн төлбөр болох 5000 төгрөгийг тушаагаад, шинжилгээнийхээ хариуг үзүүлээд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдаарай гэж сануулмаар байна. Нийтдээ 3 тун тариулна. Хоёр дахь тунг 30 хоногийн дараа, гурав дахь тунг 90 хоногийн дараа.

-Вирүсийн халдвар аваагүй хүн ямар арга хэмжээ авах нь зөв бэ. Ер нь халдвартай эсэхээ ямар шинжилгээгээр тодруулдаг юм бэ?

-Хүн өөрийгөө халдвартай эсэхээ мэдэх нь чухал. Хэрэв та элэгний вирүсийн шинжилгээ өгч байгаагүй бол өрх, дүүргийн эмнэлэг, ямар ч хувийн лабораторид HbsAg, Anti-HCV-ийн шинжилгээ өгөөрэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв шинжилгээ эерэг юм уу эргэлзээтэй гарвал эмчид хандах хэрэгтэй. Корона вирүсийн халдвартай холбоотойгоор монголчууд молекул биологийн ойлголттой болж байна. Халдвар авсан, үгүйг мэддэг ELISA гэдэг шинжилгээ байдаг, вирүс байгаа үгүйг хэлдэг PCR шинжилгээ байдаг. В вирүсийн хувьд эхлээд ELISA шинжилгээ хийгээд, хэрэгтэй бол PCR шинжилгээг хийдэг.

Халдвар, өвчнийг эрт оношлож байж эмчилгээ, сэргийлэлт үр дүнтэй болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл харамсалтайгаар, халдвартай гэж мэдсэн хэрнээ эмчид хандаагүй, арга хэмжээ аваагүй хүмүүс олон жилийн дараа элэгний хатуурал, элэгний хавдар болсон хойноо ирж байна. Маш харамсалтай. Дээр хэлсэнчлэн, заалт нь бүрдсэн бол В вирүсийн эмийг ихэнх хүмүүс бүх насаараа уух хэрэгтэй болдог. Яагаад гэвэл нэгэнт архагшсан халдвар арилдаггүй. Энэ эм нь вирүсийг зөвхөн дарж байдаг, устгадаггүй. Ямар үед нь эм уух, ямар үед нь зогсоох тал дээр мэргэжлийн эмч нар шийдвэр гаргах учир тэдэнд хандах хэрэгтэй.

-В вирүсийн халдвартай хүн бүр Д вирүстэй болох уу?

-В вирүсийн халдвартай бол манай орны нөхцөлд бас Дельта вирүсийн халдвар авсан эсэхийг шалгах хэрэгтэй байдаг. Дельта вирүс нь тусдаа вирүс боловч В-ээс хамааралтай, зэрэмдэг вирүс учир зөвхөн В-ийн халдвартай хүнд халддаг эмгэг төрөгч юм. Дельтагийн халдвар авсан тохиолдолд В-ийн халдвартай хүний өвчний эмгэг явц түргэсэж, хүндрэлд хүрэх магадлал нь ихэсдэг. Тийм учир, хэрэв танд В вирүсийн халдвар байна гэсэн хариу авсан бол та бас anti-HDV шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн үг юм.

-Эмнэлэг, гоо сайхны газрууд мөн вирүс тараагч нэг хүчин зүйл болдог уу?

-В вирүс нь биеийн шингэнээр дамждаг. Дамжих магадлал нь вирүсийг ачааллаас буюу нэгж эзэлхүүнд байгаа тооноос хамаарна. Их вирүстэй хүний цусыг агуулсан шивээсийн зүүнээс халдвар авах магадлал нь мэдээж өндөр байна гэсэн үг. Зөвхөн шивээсний зүү гэлтгүй, хангалтгүй ариутгасан шүдний өрөм, эмэгтэйчүүдийн үзлэгийн багаж, диализын аппарат зэрэг ямар ч ажилбар, багаж халдвар тараах зам болж болно. Бидний хийсэн судалгаанаас харахад шалтгаан нь тодорхой хурц халдварын тохиолдлуудын хамгийн гол зам нь шүдний эмнэлэгүүд, гоо сайхны ажилбарууд байна. Тиймээс та бүхэнд сануулахад, дээрх ажилбар, эмчилгээнүүдийг хийлгэхээсээ өмнө халдваргүйтгэл хэрхэн хийж байгааг лавлаарай, мэргэжлийн боловсон хүчинтэй эсэхийг нь асуугаарай, зүү төөнүүрт тавьж байгаа зүү нь нэг удаагийнх гэдгийг асуугаарай, хажууд чинь задлахыг сануулаарай, зөвхөн хямд, төсөрт нь битгий шийдвэр гаргаарай. Энэ бол зөвхөн халдварын шалтгаан нь асуумжаар тодорхой байгаа тохиолдолд.

-Тодорхойгүй тохиолдолд?

-Халдварын шалтгаан нь тодорхойгүй хурц халдварууд хамгийн их байна. Халдварын шалтгаан тодорхойгүй гэдэг нь сүүлийн 6 сарын хугацаанд ямар нэгэн эмнэлэгийн, гоо сайхны ажилбар хийлгэсэн асуумж байхгүй тохиолдол гэсэн үг. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ нь бэлгийн замаар тарсан халдвар. Хурц халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь ч 18-30 насны залуучууд байгаа нь ингэж бодох шалтгаан болж байна. Тийм болохоор хүүхэд, залуучуудад бэлгийн зөв боловсрол олгох нь чухал байгаа юм. Бэлгэвчний хэрэглээг сурталчилсан ажил зохион байгуулах хэрэгтэй байна. Ахуйн замаар халдвар тарж болно л доо (аяга, халбага, алчуур гэх мэт), гэхдээ магадлал нь бага, ингэхийн тулд вирүсийн ачаалал маш өндөр байх хэрэгтэй болно. Зарим ховор тохиолдолд эхээс хүүхдэд халдварлах тохиолдол байдаг. Хэрэв жирэмсний хяналтын явцад эх В вирүсийн халдвартай, ачаалал өндөр, урагт төрөх замаар, хөхөөр хооллох явцад халдаах магадлал өндөр байна гэж үзвэл товлолт, идэвхитэй вакцинжуулалтын хажуугаар В вирүсийн пассив дархлаажуулалт буюу эсрэг бие тарих тохиолдол байдаг. Энэ нь мөн мэргэжлийн эмчийн хяналтан доор төрөх эмнэлэгүүд дээр хийгддэг эмчилгээ учир жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтандаа орохыг уриалж байна.

-Манай улс 1991 оноос нярайг төрсний дараах 24 цагт В вирүсийн вакциныг хийж эхэлсэн. Тэгэхээр 1991 онд төрсөн хүүхдүүд одоо 30 нас хүрч байна. Гэтэл энэ вакцины вирүсээс хамгаалах хугацаа 10-15 жил, зарим тохиолдолд 7-8 жил юм бол хүүхдүүдийг дунд сургуульд байхад нь дахин вакцинжуулах шаардлагатай юм биш үү?

-Мэргэжилтнүүдийн зүгээс хийх өөр нэг ажил бол В вирүсийн вакцины бүүстер буюу нэмэлт вакцинжуулалтыг хийх үү, хийх бол яаж зохион байгуулах тал дээр бодлого боловсруулагчдад зөвлөгөө өгөх явдал гэж үзэж байна. Дээр хэлсэнчлэн, В вирүсийн вакцины дархлаа насан туршид тогтохгүй, хэсэг хугацааны дараа буурж эхэлдэг. Энэ нь хүүхдийн 10-18 насанд таарж байх шиг байна. Тиймээс энэ наснаас өмнө хүүхдүүдийг бүгдийг нь нэмэлт вакцинжуулалтанд хамруулах уу, эсвэл дархлааны титр шалгаад зөвхөн хэрэгтэй хүүхдүүдэд тарих уу гэдэг дээр мэргэжлийн зөвлөмжөө гаргах байх гэж найдаж байна.

-2019 оноос Эрүүл шүд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Олон хувийн эмнэлэгт хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэх боломж нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор вирүсийн халдварын тоо нэмэгдсэн болов уу?

-Эрүүл шүд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийн хурц элэгний үрэвслийн тохиолдол нэмэгдсэн тоо баримт одоогоор байхгүй байна.

-Эмнэлэгүүдээс вирүс тархаж байгаа нь тун харамсалтай биш үү. Яагаад эмчлэх ёстой газраас халдвар тархсаар байна вэ. Үүнийг хэрхэн таслан зогсоох боломжтой вэ?

-Ариутгал хамгийн сайтай байх ёстой газраас халдвар тарж байгаа нь мэргэжлийнхний анхаарах ёстой маш чухал асуудал мэдээж мөн. Энэ тал дээр манай бодлого боловсруулагчид, мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Жирийн хүний түвшинд харин зайлшгүй хэрэгтэй л биш бол эмнэлэгийн ажилбар, хагалгаа битгий хийлгээрэй, битгий эмнэлэгт хэвтэж, хэрэггүй тариа дусал хийлгээрэй гэж зөвлөх байна. Монголчууд дусал хийлгэх, тариа тариулах, эмнэлэгт хэвтэх их сонирхолтой байдаг. Гэтэл энэ бүгд нь халдвар авах зам болдог гэдэгийг сайн мэддэггүй. Тийм болохоор бүх талууд хамтран ажиллаж байж манай улсад байгаа өндөр халдварын тоог бууруулах юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Манай улсад элэгний вирүсүүдээс хамгаалах, эмчлэх, хүндрэл гарсан бол дэлхийд хийгдэж байгаа бүх л авах арга хэмжээнүүд нь бүгд байна. Манай улсад элэг хүртэл шилжүүлэн суулгадаг болоод өдөр тутмын эмчилгээнд амжилттай нэвтэрсэн. Гэхдээ та бүхэн асуудал гарсны дараа нь эмчид хандах биш, хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөртөө болон гэр бүлийнхэндээ аваарай. Ялангуяа залуучууд, бага насны хүүхдүүдийн хувьд В вирүсийн дархлааг вакцинжуулалтаар дамжуулж тогтоох нь маш чухал, халдвар авчихсан байгаагаа эрт мэдсэн тохиолдолд харьцангуй үр дүнтэй эмчилгээ байгаа, хүндрэлээс сэргийлж болно шүү гэдэгийг ойлгоосой гэж хүссэний улмаас энэ ярилцлагыг өглөө.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Гэртээ 12 кг алт хадгалж байсан СУМЫН ЗАСАГ даргыг илрүүлэв

Өмнийн говьд эзэн сууж, хур хөрөнгийн эзэн болон ханхалзаж байсан аймаг, сумдын засаг дарг…