Өөрийгөө шатаасан Э-ийн хүргэн дүү Б.ШИРЗАГД: Талийгаач банкны ямар ч зээлгүй байсан

0
0
265

Талийгаач Э хоёрдугаар сарын 8-ны 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XII хороонд байрлах гэрээсээ гарсан байдаг. Тэрбээр гэрийнхэндээ “Ажилдаа явлаа” гэдгээс өөр үг хэлээгүй бөгөөд сэтгэл санаа нь хэвийн байсан аж. Гэрээсээ гарахдаа  зүгээр байсан хүн дөрвөн буудлын дараа гэнэтхэн л “Зулын гол болно” хэмээн найзтайгаа ярьсан гэж байгаа. Ингээд 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоогоос таван литрийн усны саванд шатахуун хийлгэж аваад, такси зогсоон, Сүхбаатарын талбайг зорьсон. Хувьсгалчдын гудамжны ойролцоо ирээд, суусан таксиныхаа төлбөрийг төлж, Сүхбаатарын талбай руу алхжээ. Ингэхдээ талбайн баруун урд талаас алхаж, “Намайг хараарай” гэх утга бүхий үг хэлсээр өөрийгөө шатаачихсан байдаг. Хууль хяналтын байгууллагынхан цогцсыг төв талбайгаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү авч явж, хэсэг бүлэг нь ар гэрийнхнийг нь дагуулан гэр рүү явсан байгаа юм.

Талийгаач Э-г яагаад өөрийгөө шатаах болсныг тогтоож чадахгүй байгаа гэв

Амьдралын төлөө зүтгэж явсан 34-хөн настай залуу юунаас болж, гэнэт яагаад Төрийн ордны өмнө өөрийнхөө амийг егүүтгэх болов. Талийгаач банкны өрнөөс болж дарамтад орсон уу, цар тахлын хүнд цаг үед хоногийн хоолоо олж чадахгүй болтлоо арга тасарсан уу. Эсвэл Монголын төр засгийн  хүнд суртал, буруу шийдвэрт  голдоо ортол гомдож, сүүлчийн бүлээн амьсгалаа золих болов уу. Үгүй бол, хэн нэгэн улстөрчийн бохир тоглоомын золиос болж, “Амьдрахын төлөө юм чинь арай ч үхчихгүй байлгүй” гээд болчимгүй үйлдэл хийчихсэн юм биш байгаа даа гээд л түмэн асуулт хөвөрч байна. Хууль хяналтын байгууллагынхан талийгаачийн хамгийн сүүлд ярьсан, зурвас, чат бичсэн хүмүүсийг шалгахад  ямар ч сэжүүр олоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, талийгаач Э-г яагаад өөрийнхөө амийг төв талбайд егүүтгэх болсныг тогтоож чадахгүй, арга мухардсан гэсэн үг.

Талийгаачийн биенээс бага зэргийн согтууруулах ундаа илэрчээ

>Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ходоодноос бага зэргийн архи, согтууруулах ундааны зүйл илэрчээ. Ингэхдээ бүүр маш бага гэдгийг тодотгож байлаа. Энэ нь өмнөх өдөр уусан архины үлдэгдэл байж магадгүй гэнэ. Харин шүүх шинжээчийн дүгнэлт талийгаачийн хоолойн хөвч түлэгдэж, амьсгалын дутагдалд орсны улмаас  амиа алдсан гэж гарчээ.

Талийгаачийн ар гэр: Өглөөхөн “Ажилдаа явлаа” гээд гарсан хүн өдөр нь тийм аймшигтай зүйл яагаад хийх болов гэдэг эргэлзээтэй хэвээр

Өөрийгөө шатаасан гэх Э-ийн ар гэрээс хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар тодруулсан юм. Талийгаач Э хүргэн дүү Б.Ширзагдын хашаанд хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ хамт, дөрвөн ханатай гэрт амьдардаг байжээ. Тэрбээр ганц хүүтэй байсан бөгөөд хүүгээсээ тусдаа амьдардаг байсан байгаа юм. Б.Ширзагд “Талийгаачийг яагаад тийм үйлдэл гаргасныг бид үнэхээр мэдэхгүй байна. Өглөөхөн “Ажилдаа явлаа” гээд гарсан хүн өдөр нь тийм аймшигтай зүйл яагаад хийх болов гэдэг эргэлзээтэй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас бидэнд одоогоор юу ч мэдэгдээгүй. Гэрт нь нэгжлэг хийж, биднээс байцаалт авсан. Талийгаачийг яагаад тийм үйлдэл хийх болсныг батлах гэрээслэл олдоогүй. Өөрийнх нь биеэс гэрээслэл олдсон хэмээн цахим орчноор яриад байна лээ. Тэр бол талийгаачийн иргэний үнэмлэхийн лавлагаа байсан. Талийгаач “Нисдэг машин” төвийн ойролцоо үнэртүүлэгч, CD зардаг, амьдралын төлөө л зүтгэж байсан залуу байлаа. Ганц хүүтэй, хүүгийнх нь төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө боллоо. Том болчихсон хүүхэд учраас бүх зүйлийг мэдчихсэн. Аавыгаа яагаад тийм үйлдэл хийснийг гайхаж, бидэнтэй адилхан шаналаад л явж байна. “Яагаад” гэсэн асуултад хөтлөгдөж, янз бүрээр л учир шалтгааныг олох гэж хичээж байгаа. Талийгаачийн хувьд банкнаас ямар нэг төрлийн зээл авч байгаагүй, бусдад их хэмжээний өртэй байгаагүй. Бид хэргийн талаар өөрсдөө юу ч мэдэхгүй учраас юу хэлэх билээ дээ. Хэн ч тийм үйлдэл хийхийг нь тааварлаагүй. Гэнэтийн шийдвэр байсан байх л гэж бодож байна” хэмээлээ.

Талийгаач Э-д задгайгаар шатахуун олгосон ШТС-ын түгээгчид хариуцлага тооцно

Өөрийнхөө амийг учир битүүлгээр зольсон залуугийн үхлийн цаад шалтгаан юу байв гэдгийг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа ч тодорхой сэжүүр олж чадахгүй байгаа гэдгийг дээр дурьдсан. Тал бүрээс нь судалж, үнэхээр өөрийнхөө амийг санаатайгаар егүүтгэсэн үү, эсвэл ямар нэг захиалга, зорилготой байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин талийгаач ямар нэртэй шатахуун түгээх станцаас цэвэр усны саванд шатахуун авсан, хэн түүнд өгсөн бэ гэдгийг мөрдөгчид тогтоожээ. Хуулийн дагуу талийгаач Э-д саванд задгайгаар шатахуун олгосон шатахуун түгээх станцын түгээгчид хариуцлага тооцох аж.

21-хэн настай байхдаа аав болсон тэрбээр аав болсон баярт өдрийнхөө өмнөхөн яагаад хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ар гэрийнхнийгээ амьдын тамд үлдээсэн гээд түмэн асуулт хариултгүй хэвээр байна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа анхаарах зүйлс

Манай улсад энэ сарын 21-нд AstraZeneca вакцин оруулж ирж, 23-наас вакцинжуулалт эхэлнэ гэ…