О.Баатарчулуун: Бүтэн жил ар гэрээ умартан нойр, хоолгүй ажилласан ХӨСҮТ-ийн ажилчдын цалинг өгөхгүй байна

0
1
3,008

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш бүтэн нэг жил тойрчээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарынхан түүн дундаа ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд амралтын өдөргүй, ар гэртээ очих завдалгүй, хүнд нөхцөл, эрсдэл дунд шөнө, өдөргүй зүтгэж байна. Энэ ачаалал өнгөрсөн арваннэгдүгээр сар буюу дотоодод халдвар дэгдэж эхэлсэн үеэс илүү их нэмэгдэж “галын фронт”-д ажиллаж буй эмч, сувилагч нарын хүч, нөөц өнөөдөр шавхагдах тийшээ ханджээ. Үүнд илүү цагийн цалинг нь өгөхгүй хүндрүүлж буй асуудал ч багтана.

-БУХИМДСАН АЖИЛЧИД АЖИЛ ХАЯХ ТУХАЙ САНАЛЫГ ХҮРТЭЛ ГАРГАСАН –

Манай редакцид иргэн Э хандаж  “Миний эгч ХӨСҮТ-д сувилагч хийдэг. Манай гэр бүлийнхэн эгчтэйгээ уулзалгүй олон сар болж байна. Өдөрт 3-4 цаг унтаад л бусад үед нь суух завдалгүй л ажилладаг гэх юм. Гэтэл илүү цагийнх нь мөнгийг өгөлгүй гурван сар болж байна. ХӨСҮТ-ийнхэн бол үнэхээр “нухлуулж” байна. Гэтэл ядаж цалинг нь бүтэн өгөхгүй юм. Миний эгч гэр бүлийхнээсээ мөнгө зээлээд л хонон, өнжиж тэнд ажиллах юм. Үнэхээр бухимдаж байна” гэсэн юм.

Иргэний өгсөн тус мэдээллийн дагуу бид ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга, их эмч О.Баатарчулуунтай холбогдоход тэрбээр уг үйл явдлыг үнэн хэмээн бататгаад доорх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Ажилчдын арваннэгдүгээр сараас хойшхи илүү цагийн цалин олгогдоогүй байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам онцгой нөхцөлд, голомтод ажиллаж буй эмч, сувилагчдын цалинг чирэгдэлгүй өгчих хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүс бүгд ар гэр, үр хүүхэдтэй. Бүтэн нэг сар гэртээ харьж амралгүй, үр хүүхэдтэйгээ уулзах завдалгүй ажиллаж байна. Энд ажиллах хугацаандаа хүнд цалин өгч хүүхдүүдээ харуулдаг хүмүүс ч байна. Мөн ихэнх нь зээлтэй. Ингээд амьдралын хэрэгцээ, үр хүүхэддээ таван төгрөгийн цалингаа зарцуулаад таардаг. Гэтэл илүү цагийнх нь цалинг өгөхгүй хүндрүүлж буйд манай ажилчид бухимдалтай байгаа. Бид 23-ны өдөр хөл, хорио тавигдахаар уг асуудлаар Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандаж, олон нийтэд мэдэгдэл хийхээр төлөвлөж байна. Бид ямар ч үед улс орон, өвчтөнүүдээ бодон шүд зууж гүрийж ирсэн. Энэ удаа өөрсдийгөө бодно. Алийн болгон өөрсдийгөө гаргууд нь хаях билээ. Илүү цагийн цалин өгөхгүй байгаатай холбоотойгоор ажил хаях санал хүртэл манай ажилчдаас гарсан. Гэхдээ бид улс орон хүнд нөхцөл байдал амаргүй байхад ажил хаяж болохгүй гэдэг саналд нэгдээд Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хандахаар болсон” гэсэн юм.

-ШИНЭ САЙД С.ЭНХБОЛД ИЛҮҮ ЦАГИЙН ЦАЛИНГ ӨГНӨ Л ГЭСЭН. ОДООГООР ӨГӨӨГҮЙ Л БАЙНА-

Түүний ярилцлагыг үргэлжлүүлэн уншина уу.

-Коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарын ажиллах орчин нөхцөл ямар байна вэ?

-Манай санхүүгийн хэлтсийн мэргэжилтнүүд бид нарын цалинг бодоод эрүүл мэндийн яам руу явуулдаг.  Гэтэл яамныхан “Хэдэн цагийг нь хас” гэж урдаас нь хэлдэг гэж байгаа юм. Тухайлбал, шөнийн ээлжээс нь дөрвөн цагийг нь хас гэдэг гэсэн. Ингээд зарим хүмүүсийнхийг хасдаг. Манай байгууллагаас шаардлагатай бичиг, баримтуудаа яаманд өгчихсөн. Харин  яам мөнгөө шилжүүлэхгүй байна.  Тэгээд асуухаар “Өгнө, өгнө” гэдэг. Шинэ сайд С.Энхболд ирэхэд бид уулзаж энэ талаарх санал гомдлоо хэлсэн. Тэгэхэд “Өгөөгүй байгаа юм уу. Удахгүй өгнө” гэсэн. Гэтэл одоог хүртэл алга л байна. Коронавирусийн үед маш олон зүйлийг бид тэвчиж байгаа.

Улс орны нөхцөл байдал амаргүй байхад “бид нар яах вэ” гэж хэлээд л зүтгэж байна. Алийн болгон ингэж тэвчих вэ дээ. Ажилтнууд маань ар гэр, үр хүүхэдтэй. Дээрээс нь 24 цагаар ажиллахад ядарна.

Ямар хүнд нөхцөл, эрсдэлд ажиллаж байгаа билээ. Мөн зарим нь халдвар авч байна. Эрсдэл рүү зүгээр л харайж ороод ажиллана гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний бие болон сэтгэлзүйн бэлтгэлтэй ордог. Бэлтгэлд нь мөнгө хэрэг болдог. Тэр бүгдийг цалингаас гаднах илүү цагийн мөнгөөрөө л зохицуулна шүү дээ. Засгийн газар голомтод ажиллаж буй хүмүүсийнхээ нийгмийн асуудалд онцгой анхаарч, илүү цагийнх нь мөнгийг цаг тухайд нь өгдөг баймаар байна.

-Эмч, сувилагч нар илүү цагийн цалин урамшуулал гэж сардаа хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Ажилласан жил болон бусад шалгуураас хамаараад янз бүр. 200- 500 мянган төгрөг авна. Үүнийг ХӨСҮТ-ийн бүх эмч нар авахгүй шүү дээ. Зөвхөн голомтод ажиллаж буй ажилтнууд л авдаг. Нэг тасаг руу 8-9 хүнтэй баг ордог. Тэд 14 хоног нойр, хоолгүй ажилладаг. Ингээд үргэлжлүүлээд 14 хоног тусгаарлагддаг. Ийм байхад сар бүрийнх нь илүү цагийн мөнгийг өгөх ёстой шүү дээ. Эмч, сувилагчид маань тэр мөнгөөр ар, гэрийнхээ асуудлыг зохицуулмаар байна. Аав, ээж нь бүтэн сар халдварын голомтод ажиллаж байх үед хүүхдүүдийн асуудал орхигдоно. Тэгэхээр тэр хүмүүс үр хүүхдээ орхиод ажиллаж байна шүү дээ. Ажиллах хугацаандаа ард үлдсэн ар гэртээ хэрэгцээтэй зүйлсийг авч өгөх шаардлагатай биз дээ.

Илүү цагийг нь хасалгүй мөнгийг нь тухай бүрт нь өгч ажлыг нь сэтгэл амар хийлгээч ээ. Одоо манай ажилчид бухимдалтай байна.

12 дугаар сарын илүү цагийнх нь урамшууллыг нэгдүгээр сарын сүүлийн цалин дээр өгнө гэсэн байдаггүй. Хоёрдугаар сарын эхний сарын цалинтай өгнө гэсэн мөн л байдаггүй. Ингээд эмч, сувилагчид маань бөөн хүлээлт, өр. Бүх зүйл зогсонги байдалд орчихоор өр л хуримтлагдаж байна. Бүгд байр, цалингийн зээлтэй. Эмч, эмнэлгийн ажилчид 500-700 мянган төгрөгийн л цалинтай хүмүүс шүү дээ. Энэ нь зээлэндээ явдаг. Засгийн газар мөнгө байгаа бол голомтод ажиллаж буй хүмүүстээ өг л дөө. Яагаад харамлаж 2-3 сараар уяад байна вэ. Дараа сард өгнө гээд л худлаа ярих юм. Яг энэ ачаалал дунд эрүүл мэндийн салбар, цагдаа, онцгой байдлынхан л ажиллаж байна шүү дээ. Тэгээд дандаа халдвар авсан хүмүүстэй ажиллаж байна.

-СҮҮЛД КОВИДЫН ХАЛДВАР АВСАН АЖИЛЧДЫН 5 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ ӨГӨХГҮЙ БАЙНА. АЖИЛЛАСАН ЦАГИЙГ НЬ ХҮРТЭЛ ХАСЧ БАЙНА-

-Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамнаас эмч, ажилчдад өгөх ёстой цалин урамшууллыг өгөх цагт нь өгч байгаа гэж ярьдаг?

-Өөрсдөө нэг их ажил хийж буй мэтээр яриад л байдаг. Тэгээд яг голомтод ажиллаж буй хүмүүсээ хаячихсан. Энэ хүмүүс сэтгэл тайван ажлаа хийг. Сар ажилласан цалингаараа ар гэрийнхээ асуудлыг зохицуулмаар байна.

-Арваннэгдүгээр сараас өмнө ажилчдын цалин, урамшууллыг асуудалгүй өгч байсан уу?

-Байнга хойшлогдож л ирсэн. Тэр бүрт хэл ам хийлгүй тэвчиж ирсэн. Сар шинийн баярын үеэр ажилчдад мөнгө их хэрэг болсон. Гэтэл илүү цагийнх нь мөнгө ордоггүй. Үүнээс болж маш их бухимдал үүссэн. Битүүний өмнөх өдөр цалин орсон. Илүү цагийн мөнгө орох байх гэсэн хүлээлттэй байсан ч байдаггүй. Хуримтлуулж, хойшлуулж байгаад нэг өгөхөөр дундаас нь ажилласан цаг нь хасагдаж мөнгө нь ордог. Бөөгнүүлж байгаад нэг өгөхөөр их мөнгө орж байгаа юм шиг мөртлөө ажилласан цагийг нь хассан байдаг. Бид үүргээ биелүүлээд ёс зүйгээ баримтлаад ажиллаж байна. Гэтэл битгий ингэж “торгоочээ”. Сайн ажиллаж буй хүмүүсийнхээ илүү цагийн мөнгийг өгдөггүй, хасдаг байж болохгүй юм.

-Илүү цагаас өөр урамшуулал бий юу?

-Өөр урамшуулал байхгүй. Засгийн газраас халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад таван сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Гэхдээ сүүлд халдвар авсан эмнэлгийн ажилчдад энэ мөнгийг өгөөгүй байгаа. Тэд ч хүлээлттэй байна. Халдварын голомтод орж ажиллаж халдвар авч байна шүү дээ. Ажиллуулах бүрт дархлаа унана, ядарна. Агааргүй, битүү орчинд халдвартай хүмүүсийн дунд нэг сар байна гэдэг хүнд биз дээ. Хүмүүс дархлаагаа унагахгүйн тулд өөрсдийнхөө мөнгөөр витамин, нэмэлт хүнсээ аваад ордог. Өөрсдөө өвдөхгүйн тулд хамгаалалтаа хийж байна шүү дээ. Харин ч манай ажилчид тэвчээртэй хүлээж байна. Энэ хүмүүс өвдөөд ажиллаж чадахгүй хүний нөөцийн хомстолд орвол хамгийн аюултай цаашид голомтод хэн ажиллах юм. Энэ хүмүүсээ хамгаалахын зэрэгцээ, цалин мөнгийг нь цаг тухайд нь өгдөг баймаар байна.

-Өмнөх захирал Д.Нямхүүгийн үед аж, ахуй нэгж иргэдээс ХӨСҮТ-д тэрбум гаруй төгрөгийн хандив өгсөн байдаг. Гэтэл уг мөнгийг багасгаж 500 сая төгрөг гэж ажилчдадаа мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Ер нь уг мөнгөтэй холбоотой асуудлыг та бүхэн зохих газарт нь шалгуулахаар хандсан уу?

-Хандив, тусламжтай холбоотой мөнгөнд ер анхаарал хандуулаагүй. Юунд зарцуулагдсан юм бүү мэд. Яамнаас шалгалт орж буй сураг байсан. Үйлдвэрчний байгууллагаас хандив, тусламж руу анхаарал тавиагүй. Завгүй байхаас гадна ажилчдаа хамгаалах, цалин, урамшууллыг олгох асуудалд анхаарал хандуулж ирлээ. Шадар сайдаар Ө.Энхтүвшин гуай ажиллаж байхдаа голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдад тодорхой хэмжээний урамшуулал олгосон. ХӨСҮТ-ийн 200 ажилтанд олгосон. Эхний урамшууллаасаа эхлээд л асуудал үүссэн шүү дээ. Тэр мөнгөө голомтод ажиллаж буй хүмүүстээ өгч чадаагүй. Хүмүүс үлдээгээд л, гаднын хууль хүчний байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-рүү оруулж ажиллуулж тэд нартаа өгсөн гээд л бөөн хэл ам болсон. Мөн тойрон хүрээлэгчдэдээ өгсөн гэх мэт асуудал үүссэн. Тэр мөнгөний талаар бид гомдол гаргалгүй, орхисон. Мөнгө бүр мөртэй шүү дээ. Үүнийг шалгана биз дээ. Удирдлагын зохион байгуулалтын чадамжгүй байдлаас болоод олон асуудал үүссэн.

-Ажилчдын амрах орчин нөхцөлийг шийдвэрлэсэн үү?

-Эмч, эмнэлгийн ажилчдын ая, тухтай орчинд ажиллах нөхцөл байдал хүнд. Одоогоор засч амжаагүй л байна. Цаг хугацаа хэрэгтэй. Удахгүй засах байхаа.

 

 

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Э.Цэндбаатарт боломж олгож, О.Тулгатай өрсөлдүүлэхээр боллоо

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.16) хуралдаж, Гавьяат тамирчин Э.…