Ц.Нямдоржтой хийж байсан ярилцлагыг бүрэн эхээр нь эргэн санацгаая!

0
0
92

Цэндийн Нямдорж: Төрийн бодгаль

2005 он монголчуудын нэрлэж заншсанаар саарал ордны гадна талбайгаас тэрбээр УИХ-ын дарга байхдаа машиндаа суугаад хөдөллөө. Нөр их ажлын дараа төмөр хүлгийн цонхоор зөөлөн салхи сэвэлзэхүйд тамхиа баагиулж, элдвийг эргэцүүлсэн шигээ гэрийн зүг хөдлөх сайхаан. Төв талбайн дэргэдэх явган хүний замд буурал үстэй эрхэм бөртөлзөн явах нь аавыг нь санагдуулах шиг болоход ахиулан ажвал Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай байж. Ертөнцийн хаа нэгтээгээс
Сүрлэг өндөр Алтайн ууландаа
Шүүдэр хяруу унаа даа
Сүргийн дэргэдээс аав минь ээ
Сүүмийх алсыг ширтээ дээ гэх дуун эгшиглэх шиг тэртээх он жилүүд, хот айлын дэргэд хүүтэйгээ хүүрнэдэг байсан ааваа алсад одсоноос нь хойш санадаг шигээ болж сэтгэл нь үймэрсхийж мэлмэрүүлэх шахлаа.
Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон эл төрийн түшээ, өдгөө ХЗДХ-ийн сайдын албыг хашиж буй эрхэм Ц.Нямдоржийн аав нь эгэл жирийн малчин хүн байсан. Байр байдал, төрхийг нь монгол түмний их хүмүүн ийнхүү санагдуулсан тул хүүдээ хатуухан үг хэлж үзээгүй ааваа нэхэн дурссан нь энэ. Түүний аав барилдчихдаг, бөхийн удамтай хүн байж. Авга ах Манхай нь баядын хошуу наадамд түрүүлж явжээ.
Түүний аав 1996 онд, ээж нь 1999 онд өөд болсон. Тракторчин болох туйлын мөрөөдөлтэй, сав л хийвэл зодоон, хэл аманд өртчихдэг дэггүй хүүгээ наймдугаар анги төгсөх жил үг дуу цөөтэй аав нь дуудаад “Чи ер нь цаашдаа яах гэж байна” гэж гэнэт асуулаа. Тэр үеийн залуус илгээлт авч хөдөө гарах нь элбэг тул эцэг нь хүсвэл уухайн тас зөвшөөрөхөд бэлэн явав. “Та л мэднэ шүү дээ” гэтэл “Ном сурч чадах уу, чадах бол чи номынхоо мөрийг хөө. Бидний амьдрал яаж ийгээд л болно” гэлээ. Малчин ард Цэнд ийм л холч ухаантай нэгэн байж. Хүүхдийнхээ ирээдүй, цаашилбал тусгаар улсын хувь заяанд нөлөөлөх олон олон шийдвэр гаргах төрийн түшээгийн эрдэм номын мөр хөөх зам харгуй, хувь заяаг ийнхүү товч боловч тодорхой хэдэн үгээр залжээ.
Нямдорж хүүг зургаан настайд аав нь мухар олгой туслаа. Бүх айл нүүж өвөлжөө рүүгээ буучихсан үед аав нь өвдсөн тул ганц гэрээр торойж хоцров. Эмнэлгээс гаргаж авах гэтэл явах хүн байдаггүй. Эмээ нь зам зааж өвлийн тэсгим хүйтэн 12 сард нэг хөтөлгөө морьтой хориод километр газар ганцаараа явж аавыгаа эмнэлгээс гарган авч ааваасаа “Миний хүү эр хүн болжээ” гэсэн магтаалын үг сонссон нь түүний энэ яваа насандаа авсан хамгийн том шагнал байлаа.
Бөх Цэнд гуайнх хоол унд, сүү сааль сайтай, орсон гарсандаа байгаагаа хуваалцчихдаг айл байсан гэдэг. Найман сарын эхээр тэднийх говь руугаа ороход Тэсийнхэн малаа эрж ирэхдээ аавынхаар нь л зочилно. Өвөг дээдсийнхээ ааль сайтай, тусархаг байсны буян хишгийг өдгөө хүүхдүүд нь хүртэж явна гэж сайд хүү нь ойлгодог гэдгээ хэллээ.

ҮГ СӨРВӨЛ НУДАРГА ЗӨРҮҮЛЭХ ХҮҮХЭД НАС

Тэрбээр 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн айлын ууган хүү. Таван дүүтэй байснаас хоёр нь нэлээд эрт бурхан болжээ. Айлын том учир ухаан ороогүй байхдаа л амьдралын хатуу хөтүүг үзэж эхэлсэн гэдэг. “Өрмөнд их дуртай, өрөмний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй шахам” гэв. Зун цагтаа Зүүнговьд амьдардаг эгчийнхдээ очих нь элбэг. Тавиурт тавьсан сүүний өрөм авах гэж дээш сарваганасаар түмпэн татаж унагаан, толгой руугаа сүү асгаж гэмшин жаахан ухаан суусан тухайгаа дурсаж инээмсэглэв. Энэ тохиолдлоо ухаан суух гэх боловч магадгүй амьдралынхаа анхны цохилтын талаар дурссан юм шиг санагдав. Түүний өнгөрсөн, одоогийн улс төрийн амьдрал үргэлж сөргөлдөөн, зөрчил тэмцэл дунд бидний нүдэнд ил өрнөдөг болсоор багагүй он цагийг үджээ.
Зүүнговь, Малчин сум 30 шахам км зайтай. Намар болохоор эмээ нь Нямдоржийг ирж авахдаа замдаа үлгэр яриад тун зугаатай. “Бум-Эрдэнэ” гэж баруун монголчуудын туульсаас аваад төсөөллийн ертөнцөөр аялуулдаг эмээ нь 86-тайдаа бурхан болсон гэдэг. Хөдөөний хүүхдүүд зургаа, долоотойгоосоо ямаа сааж эхэлнэ. Нэгдэл ид цэцэглэж байсан үеийг ч хэлэх үү. Гурван зуугаад хонь, гуч, дөчөөд ямаатай айлын ажил барагдахгүй. Ээж нь хонио сааж, Нямдорж хүү хэдэн ямаагаа саачихаад “дээд ангиллын” баяд цайгаа чанана. Ийм балчраасаа эцэг, эхдээ туслан, дүү нарынхаа хувцас хунар, урагдсан гэрийн бүрээсийг залгаад оёчихдог хүүхэд байж.
Малчин сумын анхны багш “урт” Сүрэн гэдгийнтэй айл өвөлждөг, тэр хүн Нямдоржид үсэг, тоо зааж байснаа “Энэ ер нь ном сурахгүй хүн юм даг уу” гэж зэмлүүлэн сургуульд орохдоо 35 үсгээ бараг бичдэг, зуугийн дотор тоо нэмж, хасдаг болчихсон байв. Нэгээс дөрөвдүгээр ангидаа Дэмбэрэл /одоо Бэлхэд амьдардаг/, дөрвөөс наймдугаар ангидаа Б.Пэлжээ /Налайхад суурин бий/, багшийн ангид суралцлаа. Есөөс аравт нь өдгөө бурхан болсон М.Аюуш багш анги удирдав.
Гэрийнхэн нь энэ хугацаанд сумын төвд нэг удаа нүүж ирэхэд ээж нь сургуулийн галч хийж, тэрбээр бүх модыг нь хагалан, ээжтэйгээ хамжиж байгаад сургууль амармагц ачигч хийх зэргээр эрвийх дэрвийхээрээ л дүү нарынхаа төлөө зүтгэнэ. Тоосго цохих гээч нажидтай ажлыг хийхэд эхэндээ хөл нь өвдөг хүртлээ язарч цус шүүрээд, сүүлдээ бүр адуун туурай шиг хатуурчихна. Ээжийнхээ 42-тойд гарсан ганц охин дүүгийнхээ төлөө “яаж хүн болно доо” гэж зовнин хөлийг нь амандаа хийж эрхлүүлдэг байв. Энэ бүгдийг дурсахдаа магадгүй ийм амьдрал надад хатуужил суулгасан байх гэлээ. Хожим гэрээсээ ном эрдэм сурсан ганц хүн нь учир аав, ээжийгээ амьдад нь “За надаас бусад нь номын мөр хөөсөнгүй. Хүү нь чадвал энэ хэдэн ач, зээ нарыг тань гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэнэ ээ” гэж бараг тангараг өргөсөн гэдэг.
Гэрийнхэн нь буцаад төвөөсөө хөдөө гарсан хойно улирлын амралтаар гэртээ очиход аав ээж нь 20 төгрөг өгнө, дээр нь хэсгийн төлөөлөгч Даваагийнд ус зөөж 20 төгрөгийн хөлс авна. Ингэж “хөлсний ажилчин” гэж хоч зүүсэн түүхтэй. Тэр үеийн малчин айл 70 төгрөгийн цалинтай байсан гэхээр энэ нь боломжийн мөнгө тул улирал дуусмагц дүү нартаа хувцас хунар, чихэр боов аваад их л маадгар харина. Гэсэн ч хичээл сургуулиа орхигдуулсангүй, эхний нэг хоёрт орохгүй ч гайгүй сурлагатайд тооцогдож иржээ. “Гэм” нь их хөдөлгөөнтэй, үг сөрвөл нударга зөрүүлчихдэг хүү байв.
Дүрсгүй, шазруун тул сургуулиас лав гурвантаа хөөгдөхдөө тулж явсан гэдэг. Малчин сумын дарга Халх голын дайнд оролцож, Сүхбаатарын одонгоор хоёр удаа шагнагдсан Бадам гэж алдар цуутай хүн байлаа. 60-аад онд Бадам дарга ирсээр сумын ажил үйлс улсад эхний гуравт дүгнэгдсэн амжилттай. Даргын охиныг Цэргээ гэнэ. Ангидаа цэвэрлэгээ хийж байтал “Малчиныхан” гэж үг хаяад байхаар нь “Хяргасынхан тийм сайн юм бол чи тэр аавыгаа авчирч шал угаалга” гээд хэлээд тавьчихлаа. Маргааш нь хэсгийн төлөөлөгчийндөө усаа зөөчихөөд хээвнэг байж байтал төлөөлөгч ирээд “Өчигдөр Нямдорж чи яасан юм. Сая Бадам дарга намайг дуудаад Нямдоржийг сургуулиас хөө гэж байна” гэлээ. Бадам дарга эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй, өөд уруугүй айхтар загнадаг ч маргааш нь мартчихдаг цайлган хүн байж. Сургуулийн хэмжээнд байсан ганцхан шилэн шприцийг хагалсан, хөвгүүдтэй зодолдсон, Болгарийн ВТ тамхи татаж ээждээ баригдсан гээд түүний паян мундахгүй ч хүргэн ах нь хэл уран зохиолын багш байсны ачаар дэлхийн бүх сонгодгуудыг уншсандаа олзуурхдаг. Бүр уншихын өвчин тусчихсан явахдаа дотуур байраа хэд тойрч гүйгээд сургуулийн эмчид үзүүлж, “халуурсан” гэдэг акт аваад номоо уншаад л суучихдаг байв.
Аравдугаар анги төгсөхдөө Баруунтурууныхтай нийлсэн 180-аад хүүхдээс долоод жагслаа. Аймгийн намын хорооны хурлаар эхний хорь гучид орсон хүүхдүүдэд гадаадын хуваарь өгдөг байсан үе. Олон улсын харилцааны хуулийн анги авья гэтэл аав чинь юу хийдэг вэ? гээд Балсан дарга асууж байна. Малчин гэтэл “За, тэг тэг” гээд нөгөө хуваариа өглөө. Гэтэл Баруунтурууны үл таних хүүхэд “Уг нь би тэр олон улсын харилцааны хуулийн анги сонирхсон юм” гэхэд бас л “Аав чинь юу хийдэг юм?” гэхэд “Хөдөлмөрийн баатар”-ын хүү байж таарлаа. Ингэж хуваарь солигдож Нямдорж прокурорын харьяа хуулийн ангид суралцах сонголттой үлдэв.
Прокурор болох түүний тавилан ийнхүү 10-р анги төгсөхөд нь шийдэгдсэн юм.
-Танай үеийнхэн он цагийн хувьд их олон өөрчлөлтийг үзжээ?
-Түүхийн зургаар нь харахад Баяр, Энхбаяр, Лүндээжанцан, Баабар, Бат-Үүл, Гончигдорж гээд 50-иад оныхон ёстой л гурван төрийн нүүр үзсэн хүмүүс. Нэгдэлжих хөдөлгөөн ялж, атрыг эзэмшиж, аж үйлдвэржиж, хүн ам бичиг үсэгт тайлагдаж, соёлжиж, орчин үеийн боловсролд эрчимтэй шилжсэний амьд гэрч нь, бас үр шимийг хүртэгсэд нь бид. Социализм хөгжлийнхөө дээд түвшинд хүрч байхад сургууль төгсөн 1981-1990 он хүртэл Цэдэнбал, Батмөнх даргын үед төрд 10 шахам жил алба хашиж бас тэр систем 90 онд нурж унахыг бид үзсэн. Залгаад шинэ цагийн Монгол Улс хөл дээрээ босохыг үзлээ. Яг тийм амьдралын нугачааг хүмүүс дахиж туулахгүй шүү. Би тэгээд марзганадаг л юм. Баянмөнх аварга “Би хоёр нүцгэн хүнтэй барилдсан. Нэг нь Дэжимбээ, нөгөө нь Мөнхбат аварга” гэж ярьдаг шиг би ажил дээр Лүндээжанцан гэрт Долгормаа гэдэг “Хүзүүний зүүлттэй” гэж. Гэхдээ бидэнд нэг том ялгаа бий Би хөдөөнийх, эд цэвэр хотынх. Бидний сэтгэлгээ, өссөн орчин өөр, амьдралд хандах хандлага, үнэлэмж шал өөр. Энэ нь төрийн хэрэгт хандах, шийдвэр гаргахад ихээр нөлөөлдөг ялгаатай.

ТИТЭМГҮЙ ХААДЫН НӨЛӨӨЛӨЛ

-Сэтгэлгээний тухай ярилаа. Таны уншсан тэр олон ном үзэл бодол, амьдралд тань их нөлөөлсөн үү?
-Сургуульд байхдаа уншсан классик номууд ухаан суухад, оюутан байхдаа уншсан номууд мэргэжлийн ухаан суухад их нөлөөлсөн гэж бодогдож байдаг юм. Оюутан байхдаа Оросын америк судлаач Валентин Зорины “Титэмгүй хаад” гэх зохиолыг шимтэн уншсан. Энэ дэлхийд хөрөнгөт нийгэм босч Америкийн баячууд бий болсон түүхийг өгүүлсэн ном байсан. Энэ ном миний хууль зүйн салбар, улс төрд орсноос хойшхи бүх амьдралд нөлөө үзүүлж ирсэн. Жишээ нь Монгол газар шороон дээр сүүлийн 28 жилд болсон хоёр үндсэн том өөрчлөлт байгаа. Үүнийг хэн ч ярьдаггүй. Нэг нь, энэ хугацаанд Монголд капиталист нийгэм сонгодог утгаараа бий болсон. Үүнээс өмнө хэзээ ч монгол хүн хөрөнгөтэй байгаагүй. Байсан хөрөнгө нь адуу мал, хөөрөг, даалин, гаанс, отго жинс гэх мэт. Хөрөнгөтөн нийгмийн гарааны эхэн үе шатанд луйвар, залилан ер бусын ихээр явагддаг. Хувийн өмч гэдэг юм үүсч байх үед нь хуулиар хамаа намаагүй гишгэвэл бүр байхгүй болчихдог. “Титэмгүй хаад” номоос үлдсэн хамгийн том сургамж энэ. Рекет хийхгүй бол, улсын хөрөнгө улаан цайм тонож дээрэмдээгүй бол би тэвчээд байдаг нь ийм учиртай юм. Нэг гар маань хуулийн атгалт хийх гээд хөдөлж байхад нөгөө талд Зорины ном “боль” гээд зогсоож байсан үе бишгүй бий. Манайхан юм л бол барьж авч хориод, сүүлд нь хэрэг нь ч байхгүй, хэрэгтэний компани л болдог. Ялангуяа Элбэгдоржийг ерөнхийлөгч болсноос хойш ийм юм их гарлаа шүү дээ.
Хоёр дахь том өөрчлөлт бол Монгол хүний амьдрал нүүдэлчний соёл иргэншлээс, суурин соёл иргэншил рүү шилжиж байна. Энэ бол ерөнхийдөө хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе рүү шилжсэнтэй ижил шинжтэй өөрчлөлт. Монгол Улс босч байна. Шинэ цагийн Монгол төрийн хуулиудыг өрсөлдөгчгүй бичсэн хүн шүү дээ, би. Социализмын үед 55 хуультай байсан. Тэр хуулиудын сүүлийн хэсгүүдийг Чимид багш бичсэн. Би Чимид багшийн араас залгаж хууль бичсэн хүн. Сүүлийн 27, 28 жилийн хугацаанд 850-иад хууль гарсан. Эдгээрт миний гар хүрээгүй хууль ховор. Шинэ цагийн Монгол төрийн хуулинд байшин боссон гэж би хэлдэг. Энэ бол миний гавъяа биш, надад тохиосон л аз завшаан, хувь тавилан.
Юмны тохиол хувь тавилан их сонин. Чимэд багш хүртэлх хугацаанд миний эцэгтэй ижил нэртэй Цэнд гэдэг хүн 1960, 1980-иад он хүртэлх хуулиудыг бичсэн. Би сургууль төгсч ирээд энэ хүнтэй хамт улсын прокурорт нэг өрөөнд суудаг байсан.
-Хөдөөний хүүхэд Оросод оюутан болоод очиход зөндөө л шинэ зүйл нээгдсэн байх даа?
-Ер нь нүүдэлчин хүний онцлог нь дасан зохицох чадвар өндөртэй. Өнөөдөр хөдөөний хүн мал маллаж явж байгаад дээлээ тайлаад, костьюм өмсөөд хамгийн орчин үеийн хотын хүн болоод явчихдаг. Би Ленинградын их сургуульд сурч байхдаа өөрийн төдийгүй, Уулын дээд сургуулийн дотуур байранд диско зохиож явсан хүн шүү. Овоо гайгүй хөгжим, пянзтай хүн үүнийг хийдэг, ийм хүн олон байгаагүй гээд бод.
-Таныг их гоё дуулдаг гэж ярьдаг. Орост “шоуменежер” хийж явсан бол аргагүй ч юм уу?
-За даа, сүртэй ч биш дээ. Яаж ч яваад юм урлаг, спортынхтой дотно болчихдог. Манай яамны харьяа “Сүлд” , “Хүч”, “Хилчин” гээд гурван клуб байна. Энэ гурав Монголын спортынхны 50 хувийг нь нуруундаа үүрч явсан үе бий. Ардын хувьсгалын 90 жилийн ойн улсын наадмаар 23 бөх улсын цол хүртэхэд 16 нь манай системийнх байсан гээд бод. Дэлхийн аварга Сумьяа “Хилчин”-ийнх. Манай нутгийн Эрдэнэбилэг гэж улсын начин жижигхээн бор, шагай шиг охин дагуулж ирээд “Хилчин”-д оруулаад өгөөч гэсэн. Тухайн үед “Хилчин” рүү утасдаад “Би нэг хүүхэд явуулна, Та нар клубтээ авахыг бодоорой” гэж хэлчихээд “Энэний барилдана гэж юу байхав” гэж муухай басаж билээ. Тэгтэл одоо Монголын нэрийг дуурсгаад явж л байна. Урлагийнхантай ч гэсэн яаж ийгээд л нэг мэдэхэд холбогдчихно. Ардын жүжигчин Лувсаншарав багшийг Сүхбаатарын талбайд алхаж явахыг нь харчихаад аавыгаа нэг их саначихаад маргааш нь ажил дээр ирж “Лувсаншарав гуай ер нь хэд хүрч байгаа хүн бэ?” гээд дотроо нэг тус болчих санаатай лавлатал нөгөөдүүл маань насыг нь мэддэггүй. “Наян насных нь ойг та нар нэг хийгээд өгөөч” гэж захисан. Монголын хөгжмийн урлагийг хөл дээр нь босгосон энэ их хүнийг ганц удаа баярлуулъя гэж дотроо бодсон юм. Огт танихгүй хүн шүү дээ. Тэгээд хөөцөлдүүлээд наян насны ойг нь хийлгээд, хоёр өрөө байрны түлхүүр гэрт нь аваачиж өгсөн. Очтол хөгшин нь бурхан болчихсон, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байлаа. Цаашлаад Лхагвасүрэн, Шарав, Жанцанноров гээд улсууд байна. Талийгаач Ганбат миний хуурай дүү шүү дээ. Эдэнтэй нөхөрлөх сайхан завшаан надад тохиолдсон. Би Оросын төрийн дууллын аяыг зохиосон Александр Пахмутоватай нэг галт тэргэнд, нэг тасалгаанд явж, хууч хөөрч таарсан. Монголын төрийн дууллыг зохиосон Мөрдорж багштай 1992 оны сонгуулийн дараа гавъяат Чулуунхүүгийнд очиж хамтдаа зуу татаж байсан. Хоёр улсын төрийн дууллын ая зохиосон, тэр том хөгжмийн зохиолчидтой хоёулантай нь уулзах, мэнд зөрүүлэх тийм ер бусын аз завшаантай явдал надад тохиосон. Миний ажил их хүнд, дайралт ихтэй ч үлгэрийн ертөнцөд, домог дотор амьдардаг хүн шүү дээ би. Баяр ёслолоор хоёр мөнх аварга, Ардын жүжигчин Хайдав гуайгаас эхлээд Монголын бүх соруудтайгаа таарч, тэдний салхин доогуур гарахад наадам нь цагаан сар хүртлэхээ, цагаан сар нь наадам хүртлэхээ даана.
-Бас л сонин өнцөг, “Ээж, аав хоёр” дууг таны сүлд дуу гэдэг юм билээ?
-Ээж, аав хоёр бурхан болсноос хойш дуулдаг болчихсон юм. Гоё дуу сонсоход эхнэр хүүхдүүдээсээ нуугдаж буруу харж зогсоод өөрийн эрхгүй нулимс асгаруулчихдаг. Жаахан мэдрэмж байдаг юм байлгүй. Лучиано Павароттийн дууриуд, Норовбанзад гуайн “Уяхан Замбуу тивийн наран”-г байнга сонсоно. Эд нар чинь дуулаад дээд өнгөндөө хүрэхээр энэ ертөнцөөс тасраад явчихдаг. Би ер нь сонин хувь тавилантай. 1992 оны сонгуулийн дараа Лхагвасүрэнгийн хажууд, 1996 оны сонгуулийн дараа Дашбалбарын хажууд намайг суулгачихсан. Бавуугийн “хар” бол хэдэн зуунаар урагшаа алхчихсан, дахиж үл давтагдах ертөнц. “Тамгагүй төр”-ийг “Энэ бол Шекспир” гэж Жанцанноров хэлсэн байдаг. Тэгэхээр би чинь ийм хоёр содон амьтадтай тохой залган сууна гэдэг азтай л хэрэг. Чуулганы танхимд Дашбалбар миний хүзүү барьж чихнээс татаж чангааж марзганаж байсан нэг гоё бичлэг байдаг юм.
-Орос орноос та юу авсан бэ?
-Мэргэжил, боловсрол, гоо сайхны мэдрэмж гээд бүгдийг өгсөн. Багш нар маань мундаг хүмүүс байсан. Биднийг 1976 онд очиход Путин, 1981 онд сургууль төгсөхөд Медведев элсэж байсан. Бид нарын багш бол “Нюрнбергийн процесс”-т Зөвлөлтийн яллагчаар орж байсан Оросын хуулийн салбарын “оюу” болсон Алексеев, Королев гээд л томчууд. Ленинградын их сургууль бол Петр хааны байгуулсан Оросын хамгийн цуутай сургууль. Ломоносовын их сургууль, Ленинградын их сургууль дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиуд ОХУ-ын Ерөнхийлөгч зөвхөн энэ хоёр сургуулийн захирлыг зарлигаараа томилдог гээд бод. Ленинград гэдэг чинь тэнгэрийн доорх “музей”. Петр хаан 1703 онд энэ хотыг анх суурийг нь тавьж босгосон. Тэгэхдээ сэргэн мандлын үеийн Италийн бүх том зураачид, уран барилгачныг авчирч босгосон. Эрмитаж Исаакиевский Собор, Петр хааны хөшөө, Петргоф гээд дэлхийд байхгүй соёлын үнэт зүйлс энд л байдаг. Би чинь таван жил Ленинградаар явлаа шүү дээ. Хагас бүтэн сайнд өөр хотын оюутнууд бидэн дээр ирж, Эрмитажаас эхлээд дагуулаад явдаг байлаа. Тэр бүхэн надад гоо сайхны, тэр тусмаа архитектурын мэдрэмж, барилга бариулах сонирхол үлдээсэн шиг байгаа юм. Би байшин бариулах жигтэйхэн дуртай, Сайд хийх хугацаандаа Ордны баруун талд яамны эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын контор, Шуурхай удирдлагын төв, Мөрдөн байцаах газрын контор, түүнчлэн ДХИС-ийн шинэ байр болон оюутны байр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны контор, Монголын бүх сумдад цагдаагийн кобан бариулж үзлээ. УИХ-ын хуралдааны том танхим, ширээ сандлыг нь шинэчилсэн. ЦЕГ орсон байшингийн гадна фасадыг Петрийн бариулсан үеийн байшин маягаар дизайныг нь гаргуулж хийлгэсэн. Энэ жил яамны байшинг шинээр бариулахаар төлөвлөөд байна. Би аваад явчихгүй шүү дээ. Ордны арын талбайг “Хуульчдын талбай” болгосон. Тэр талбайд Шарав, Галсан хоёрын “Ээж, аав хоёр” гэж дуугаар хөшөө босгох мөрөөдөл бий. Самбуу даргын хөшөөг “Өнгө алдаад байх шиг байна. Очоод арчаад ир” гээд явуулсан чинь зэс хөшөө биш тул болохгүй гэсэн. Тиймэрхүү юмыг дандаа харж явдаг.
-Оюутан болоод сахилгагүй хэвээрээ байв уу. Парламентын гишүүдтэй гар зөрүүлсэн тухай бас л дуулддаг байсан?
-Миний энэ төрөлх, зоргоороо араншин ерөөсөө өөрчлөгдөхгүй юм. Оюутан байхдаа хоёр метрийн өндөр оростой нударга зөрүүлж л явлаа. Би одоо ч дүрсгүй хэвээрээ. Муу санаж араас юм хийхгүй, дийлбэл өөд өөдөөсөө харж байгаад үзнэ. Зэнээ бид хоёр зуу татчихаад муудалцаж гар зөрүүлээд талийгаачийн нүд хавдаад хөгийн юм болсон. “Улаан” Гомбожав гуай УИХ-ын дэд дарга байсан. Одооныхон шиг хурал таслах биш, өглөө есөн цагт яс гозойж байтал Гомбожав гуай ирээд “Зэнээ та хоёр зодолдсон юмуу, чи зодсон юм уу” гэж байна. “Би яахаараа зодож байдаг юм бэ. 60 килотой хүн 120 килотой хүнийг зодно гэж хаашаа юм байдаг юм бэ” гэж бултлаа. Өдөр 12 цагийн үед Гомбожав гуай дахиж над дээр ирээд “Цаадах чинь чамд зодуулсан гээд цагдаад өргөдөл өгсөн байна. Цагдаагаас УИХ-ын даргад санал орж ирж байна” гэлээ. Би ч гараад гэр рүү нь залгатал хүүхэд нь утсаа авч, “Аавтай чинь яръя” гэтэл “Аав өглөө идшиндээ явчихсан” гэлээ. Нүд нь хавдаад чуулган дээр ирж болохгүй болохоор нь идшиндээ явсан байж л дээ. Юун тэр цагдаад өргөдөл өгөх манатай. Сүүлд ордонд өрөөндөө нэг хүнд цупари хийчихээд балрах шахсаныг санаж байна уу? Дашбалбар надаас өөр хүний үгэнд орохгүй. Зуу татчихаад чуулганы танхим руу явлаа гэсэн “дуудлага” ирэхэд 100 миллдэж очоод гараас нь хөтлөөд буцаадагсан. Талийгаач Зэнээ бас хааяа зуу татахаар машин зохицуулдаг хүмүүс над руу “Энэ Зэнээгээ ирж аваач” гэж загнана, очиж авна. Эр хүмүүс байсан даа. Энэ ордон дотор чинь бас л хүний амьдрал өрнөж байдаг. Бидний түүх ийм л сонин. 1992 оны Их хурлынхан ерөөсөө шуналгүй, Жасрай гуайгаас эхлээд дандаа социализмын үеийн томчуулаас бүрдсэн хамгийн гоё бүрэлдэхүүн байсан. Нэг л тийм гэгээлэг, хүүхэд шиг, бас хөгжилтэй. “Халтар царайт” кино гарахад бүгдийг нь аль нэг дүрд нь оруулна, зургийг нь зурна, яг жаахан хүүхдүүд шиг.
-10 жилийн нэг ангийнхан шиг …?
-Тийм. Талийгаач Зуунай гуай над шиг их шаралхуу, хэлэмгий хүн байсан. Бавуугийн “Хар” тэр хоёр их муудалцана. Лхагвасүрэн гуай “Энийг би алнаа” гээд л том гараа зангидаад өндөлзөнө. Би 14 хоног Лхагвасүрэн гуайг орсон ч гарсан ч дагаж явсан даа. Амихандаа Зуунай гуайгаас холуур өнгөрөөх, зодоон болгохгүй гэж тэр. Тэр үед нь коко-кола нүдний гэм байлаа. Нэг орой 24 цаг хүртэл хуралдаж байтал Жанцанноров дуудаад “ундаа уух уу” гэж байна. Ууя гээд ахиухан балгасан чинь дотор нь архи байж хахаж, цацаад бөөн инээдэм болж билээ. 1996 оны цөөнх маш хүчтэй цөөнх байсан. Тэр бараг Монголын түүхэнд дахиж гарахгүй. Ерөнхийдөө 200-гаад жил Манжийн, араас нь коминтерн гээд хойд айлын нөлөөнд 70 жил, нийт 300 жил бусдын эрхшээлд байсан Монголын төр 90 оноос хойш өөрийнхөөрөө амьдрах гэж оролдож байгаа 28 жил, хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг мэргэдийн үг бий.


ХОЁР БИЕ НЭГЭН СЭТГЭЛ

-Та эхнэрээ нэг удаа магтчихаач гэхэд тэрбээр:
-“Ер нь над шиг хүний хань байх хэцүү шүү дээ. Миний талаар бичиж байгаа гүтгэсэн доромжилсон бүгдийг л мань хүн уншиж тэр бүрт нервтэнэ. Хүүхдүүд, бэрүүд, одоо ач нар руу орж байх шиг байна. Тэрийг тэвчээд амьдрана гэдэг ер бусын тэвчээр байгаа биз дээ. Миний өдий дайнд явж байгаа үндсэн юм тэнд л байгаа. Над шиг адайр ааштай хүний аашийг дааж амьдрах, дээр нь энэ хүнийг дагасан улстөрийн зорилготой асар их доромжлол, гүтгэлгэ, тэр “Хятадын тагнуул” гэх нэр хочийг хорин жил дааж амьдрах гэдэг асар хүнд шүү дээ. Тэгэхээр ер бусын тэвчээртэй хүн дээ. Хүний хань чинь олон жил ханилаад ирэхээр ээжийг орлоод ирдэг юм байна. Жишээ нь, манай гэрийн хүн голдуу л монгол хоол хийнэ. Тэр чинь л намайг барьчихдаг. Тав, арав хоног гэрээс хол явахад тэр хоол нь үгүйлэгдэж миний тал нь байхгүй болчихдог юм. Манай хэдэн дүү нарын хүүхдүүдийн хувьд бүгдийнх нь л эмээ” гэлээ.
Хууль зүйн сайд гэртээ шал угаахаас эхлээд бүх л ажлыг хийх дуртай, ерөнхийдөө гэр амьтай хүн юм. Зуслангийн хашаандаа мод бут, цэцэг жимс тарьж, усална. Холбоостой хоёр байшин барихдаа биднийг “яваад өгөхөөр” хүүхдүүд маань амь нэгтэй байг гэж тооцоолжээ. “Хүмүүс Америк явчих гээд байх юм. Би бол Монголдоо хэдэн үеэрээ амьдрах ёстой гэж боддог. Болж өгвөл миний гал голомтыг манаад үлдэх хүүхдүүд ач нар минь үргэлж хамтдаа байг” гэж бодсон гэлээ. Гадаадад газраа тохижуулаад гоё амьдарч болж байхад Монголд бас ингэж амьдарч болдог гэж харуулахыг зорьжээ. Хавар, намар, зун энэ л “илүү үзэгдсэн” байшиндаа амьдрах дуртай аж.
Хүний амьдралын нэгэн хэлхээ болдог анд нөхдийн тухай тэрбээр “Хамгийн үнэнч найзууд арван жилийнхэн л юм аа даа. Одоог хүртэл бид шинэ жил цуг тэмдэглэдэг. Хүүхдүүд “Эд нар одоо хөгширчихөөд” гээд шоолно. Увс нутгийнхан амь нэгтэй. Увс аймгийн нутгийн зөвлөлд бол албан бус ерөнхийлөгч гэж өөрийгөө тодорхойлов. Уулзалт арга хэмжээн дээр түүгээр шан татуулна. Мөнх цастай уултай, Монголын бүх том нуур, элсэн цөл гээд байгалийн үзэсгэлэн цогцлоосон, хүмүүний эр зориг, тэсвэр хатуужлын шалгуур болсон Увс нутгийнхан ажилсаг шаавайгаараа хаана ч гайхагддаг билээ. Нутаг руугаа хамгийн их зорьсон хүн гэвэл түүнийг хэлнэ.
Улстөрч хүний амьдрал хамгийн адармаатай хэцүү. Төр улсыг нэг ч гэсэн алдаанаас хол байлгах юмсан гэдэг хүсэл улаан гал руу түүнийг чирдэг.
Жишээ нь, С.Зоригийн амь насанд халдсан хэрэг дээрх хуулийнхны ажиллагааны талаар ярихгүй сууж болно. Ерөнхий зургийг нь харахаар Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ үүнийг дагаж нурах зураг харагдахаар нь тэсэхгүй яваад орчихно. Мэргэжлийн “честь”-дээ хөтлөгдөнө. Дэлхийн хууль зүйн шинжлэх ухааны төвшинд бичигдээгүй хэдхэн алтан зарчим бий. “Гэмгүй нэг хүнийг хэлмэгдүүлснээс гэмтэй арван хүнийг сулласан нь дээр” гэдэг зарчим. “Эрдэнэтийн луйвар бол Монгол газар шороон дээр хэзээ ч гарч байгаагүй луйвар” гэж тэрбээр хэллээ. Цаашилбал Монголд бүхнийг дураараа хийж болдог дэглэм тогтох аюултай гэв.
2000 онд түүнийг Хууль зүйн сайд болоход бизнес эрхлэгчид төдийгүй улс төрчид гэрээсээ гардаггүй, дээрэм тонуул албан ёсных болчихсон байж. Яг л 1990 оны Орос орон шиг. Энэ “рекет” гэдэг юм бараг л түүх болж үлдсэн. Гэтэл одоогийн энэ “цагаан захтан”-уудын бий болгосон хуйвалдааны сүлжээ тэр үеийнхээс арав дахин илүү хүчтэй эрх мэдэл, их мөнгө бүх хэвлэлийг атгасан сүлжээ бий болж. Хамгийн аюултай нь хууль хяналтынхныг томилгоогоор дамжуулан удирддаг болсон.

ХУУЛИЙН БИЧЭЭЧ

-Анхны парламентийнхаа тухай сайхан дурсамж ярив. Одоо танд үгүйлэгддэг үү?
-Би бол муу амьд явснаас сайн үх гэдэг зарчимтай хүн. Энэ хүнд тэмцэл рүү орж байхад Зэнээ, Балбар, Зориг шиг дагаад ордог бол гоё оо. Энэ гурвыг би дандаа үгүйлдэг. УИХ-ын дарга байхдаа хоёр эвгүй юм руу орчихсон хүн. Нэг нь Ашигт малтмалын хуулийг өөрчилж болохгүй гэж гадныхан шахаж байсан үе.
-Гаднынхан гэхээр …?
-Одоо Орост хориг тавьж үзэлцээд байгаа шашнаараа нэгддэг их гүрнүүд. 1998 оны Ашигт малтмалын хуулиар анхны өргөдөл өгөнгүүт лиценз өгдөг болгосон тэгээд тэр 7000 лиценз гарчихсан. Энэ лиценз гэдэг алга дарам цаасаар газар нутгийн асуудлыг монголчуудын хяналтгүйгээр шийдэж байсан. Үүнийг ямар нэг аргаар хязгаарлах гэж “стратегийн орд”-ыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэдэг байх заалт оруулсан. Энэ хуулийг батлуулах гэж их ч зүтгэсэн, баахан зассан юм, би. Над дээр гаднын элчин сайд орж ирж шахалт үзүүлсэн.
-Гаднын элчин сайд гэж хэн бэ?
-Мэдээж шүү дээ. Дээрх бүлэг орныг төлөөлсөн гол орны элчин сайд байсан. “Энэ хуулийг та нар баталж болохгүй” гэхээр нь “Энэ хуулийг би батлуулна. Хугацааг нь хэлэе. 14 хоногийн дотор батлуулна. Монгол Улсын Их Хурал ямар хууль батлахаа өөрөө мэднэ. Энэний төлөө бид 90 онд хувьсгал гэдэг юмыг чинь хийсэн” гээд гаргасан. Тэгээд 13 дахь хоног дээр нь батлуулсан.
Нөгөө нь Монголбанкин дээр дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрч далд хуйвалдаан явагдаж 600 сая долларын луйвар явагдах үед дундуур нь ороод хаачихсан. Ингээд л Үндсэн хууль зөрчсөн гэж намайг замаасаа зайлуулсан юм. Миний нэр холбогдсон олон олон “хэрэг”-ийн цаана ийм л юм байдаг юм шүү дээ. Одоо ч гэсэн намайг замаасаа зайлуулах гээд өдөр шөнөгүй үзэж байгаа биз дээ. Миний улс төрийн амьдрал ийм нарийн учиртай юм. Хуулийн ганц үгний цаана Монголын хувь заяа явж байдаг. Би яамнаас Засгийн газар, УИХ руу явж байгаа бичиг болгоныг цэг, таслалаар нь уншиж байж явуулдаг. Хүн нь бурхны орон руу яваад хууль гэдэг цаас нь үлдэж Монголын хувь заяа, Монголын түүх, бас Монголын жаргал эсхүл зовлон нь болж үлддэг. Жишээ нь, Чимид багш болон түүнээс өмнөх хуулийн бичлэг, миний бичлэг хоёр шал ондоо. Миний үлдээж чадсан зүйл гэвэл орчин цагийн Монгол хуулийн бичлэгийн хэв маягыг бий болгож чадсан явдал. Хууль бичих гэдэг чинь хүн болгон яруу найрагч болж чаддаггүйтэй адил, сэтгэл их шаарддаг, сэтгэлгүй бол хичнээн боловсролтой байгаад ч илээд л өнгөрдөг ажил. Анхны багш нар маань бичгийн хүн байсан учраас тэднээс нэг жаахан юм үлдсэн. Би тэр жил “Орондоо хууль засдаг, онгоцонд хууль засдаг” гэж хэлчихээд баахан баалуулсан даа. Үнэн шүү дээ. Том яруу найрагчид чинь архи ууж байгаад нэг гоё шүлэг санаанд нь орж ирэхэд нь тэрийгээ бичдэг. Жишээ нь: Нацагдорж “Миний нутаг” шүлгийн нэг бадгийг Их сургуулийн тэндэх гуанзанд халамцуу сууж байгаад орос чихрийн цаасан дээр бичсэн гээд домог маягийн юм байдаг. Тэрэнтэй адилхан байхгүй юу хууль бичнэ гэдэг чинь. Шөнө хэвтэж байхад нэг үг ороод ирвэл босоод л бичнэ. Онгоцонд явж байхдаа шалан дээр нь цаасаа шидчихээд бичиж л байсан. Хуулийн бичээч л хүн юм даа. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Төрийн зарц л гэсэн үг шүү дээ. Шөнийн нойроо хугаслан хийсэн юм бүгдэд сэтгэл шингэдэг.
-Баярцогт, Баяр, Сайханбилэг нарыг бариад хорьчихлоо. Ойрын хэдэн өдрүүдийн гол дуулиан энэ болоод байна даа?
-Оюутолгойн гэрээтэй холбогдуулж Баяр, Баярцогт нарыг, “Дубайн” төлөвлөгөөтэй холбогдуулан Сайханбилэгийг хорьсон гэж мэдэгдээ биз дээ. Энэ гэрээтэй холбогдуулж авсан бол би тэднийг огт өмгөөлөхгүй. Харин тийм юм байхгүй байхад баривчилсан, үүнийгээ цайруулах гэж өөр хэргээр ороож “шогтвол” би хэлэх үгээ хэлж, холбогдох хүмүүсээс хариуцлагыг нэхэх болно.
Одоо хуулийн байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүсийн ихэнх нь миний удирдлагад ажиллаж байсан, тэдний хэн нь хэн болохыг мэднэ. Зарим нь албан тушаалд оччихоод их л “том” болсон шинжтэй. Албан тушаал чинь хүний тархины багтаамжийг нэмдэггүй, харин нуугдаж байсан муу шинжүүдийг нь ил гаргаж “Биеэ тоох” гэдэг өвчин лүү хөтөлчих гээд байдаг зовлонтой эд. Зарим нь энэ зам руу эргэлт буцалтгүй хальтарч өөрийгөө ч таних сөхөөгүй болтлоо мансуурсан бололтой. Арга ядаад заримд нь захидал хүртэл бичиж үзлээ. Битгий алдаг гэсэндээ л тэр шүү дээ. Хуульчийн алдаа дандаа хүний амьдралыг хорлодог.
-Та шударга хүн. Сугар, Баяр гээд хар ухаанаар бодоход ингэтлээ их баяжих учиргүй хүмүүс байна шүү дээ. Нэг намын гишүүний хувьд иймэрхүү хүмүүст сэтгэл дундуур байдаг уу?
-Тодорхой нэр хэлэх нь хаашаа юм. Цөхрөх үе зөндөө гарч байсан. За энэ хүн гараад ирвэл зовлонгоос холдуулж магадгүй гэж горьдоод сонгуульд нь сүүлчийн мөч хүртэл нь явдаг, гэтэл ингэж гарч ирсэн хүн нь танигдахаа байгаад л, жижиг хүрээлэл үүсгээд зам мөрөө өөрчилчихнө. Бүр Энхбаяртай муудалцах хүртлээ цөхөрч байсан. Яалт ч үгүй л энэ улсын төлөө хамтдаа зүтгэж байсан сайхан үе бидэнд бий. Зовлонтой шүү. Сүүлийн үед бий болоод байгаа аюул нь нам дамжсан бүлэглэл. Нийлээд хуйвалдаад ирэхээр ийм бололцоо байхгүй болчихож байна. “Эрдэнэт” дээр тийм л юм болсон. Жишээ нь, 2014 онд Алтанхуягийг Элбэгдорж унагасан. Тэгэхэд манай намтай хамтрах асуудал яригдахад би улайм цайм эсэргүүцсэн. Бага хурал дээр хүртэл очоод хэлсэн. Дийлээгүй. Үр дүн нь Дубайн төлөвлөгөө, Эрдэнэт. 2014 онд манай нам Засгийн газарт ороогүй бол Эрдэнэтийн 49 хувийг эд нар ингэж хулгайлж чадахгүй байсан. Энд нарийндаа үхэл сэхлийн төлөө тэмцэл явж байна. Энэ яриад байгаа бүлэглэл Монголын хамгийн баян бүс болох Дархан, Сэлэнгэ, Булганы нутагт байдаг гол ордыг атгандаа оруулах, нөгөө талаас Монголын мөнгөний бүх чадавхийг өөр дээрээ авч үлдэх, гуравдугаарт, гуравдугаар станц, дөрөвдүгээр станц, Багануурыг оруулаад эрчим хүчний салбарыг бүхэлд нь гартаа оруулахаар зүтгэж байгаад тэр нь ил болж байгаа асуудал. Хамгийн аюултай нь үүндээ хууль хяналтынханыг татаад оруулчихсан, төлөөний хүнээ болгочихсон. Тэд нь үүнийгээ хамгаалахын тулд бараг л хүн алахаас буцахгүй байна шүү дээ.
-Намын тань залуучууд прокурор, шүүгч нарын цалин, орлогын талаар сөхөж ярьж, хэвлэлийн хурал зарлалаа?
-Намайг үүнийг хийлгэсэн гээд зарим нь хардаад биччихсэн л байна билээ. Би бол тэгж хэлээгүй ээ. Ер нь ийм хаалттай “зон” бий болчихлоо шүү дээ. Хаалттай бүсийн цонхыг нь онгойлгох гэж оролдож байгаа нь зөв. Би чинь 2003 онд хууль зүйн сайд байхдаа “Энэ шүүхээ тараа” гэж Дээд шүүхийн даргад захидал бичиж байсан хүн. Монголын хамгийн муухай шударга биш байгууллага нь хуулийн байгууллагуудын дотор нь авч үзвэл шүүхийн систем. Нэг талд нь прокурор байдаг учраас цагдаа бол учиртай. Одоо сүүлдээ прокурор, тагнуул нэмэгдлээ. Энэ аюултай. С.Зоригийн амь насанд халдсан хэрэг хуулийнхны хувьд улстөрийн намуудын дарга нарыг барьдаг зэвсэг болж хувирсан. Хэрэг илрүүлэх, захиалагчийг илрүүлэх явдал биш болж.
Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш үнэнд гүйцэгдэх л болно. Жишээ нь, Булган наад гурван хүн чинь алуурчин биш гэж мэдүүлсэн учраас түүнийг шүүх хуралд оролцуулаагүй, Амгаланбаатар гэж “хэрэг хүлээх” сэтгэцийн согогтой хүн захиалагч гэх хүнийг хоёр шатны хурал дээр шууд нэрлэж хэлсэн байхад авч хэлцэлгүй шийтгүүлсэн хүмүүст ял тулгасан гээд бод.
-Талийгаач С.Зориг агсны тухай эргээд нэг дурсах уу?
-С.Зоригийг би сайн мэддэгүй байсан. 1992 оны Их Хуралд байсан боловч хуралд бараг суудаггүй болохоор тэр дөрвөн жилд ойртож чадаагүй. Гэхдээ “Беломорканал” татаад, шатар тоглоод суудаг хүн байсан. 1997 онд Тагнуулын газарт хууль бусаар тагнаж чагнасан асуудлыг бид нар шалгасан. Тэр шалгалтын дүнг гаргачихаад Р.Гончигдоржид танилцуулах үеэс эхлээд би С.Зоригийг яалт ч үгүй шударга хүн байна гэдгийг энэ махан биеэрээ мэдэрсэн “Тагнасан чинь тогтоогдсон чи огцрох ёстой, энэ худлаа бол би огцорно” гэж М.Энхсайханд шууд хэлсэн. Тэгэхэд л энэ хүнийг тоох сэтгэгдэл анх удаа надад төрсөн.
-Хятадын тагнуул гээд мөн ч их шуугисан даа, тийм үү. Одоо ч яригдсаар л?
Би 1996 оны Их Хуралд байхдаа хоёр хэрэг хийчихсэн юм. Нэг нь тухайн үеийн Засгийн газар Тагнуулын ерөнхий газраараа дамжуулж сөрөг хүчний УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан. Энэ ажлыг голлож шалгасан хүн нь би. Ингэж Ардчилсан намын, М.Энхсайханы дургүйг хүргэсэн. Нөгөөдөх нь Эрдэнэт дээр будлиан гарахад намын “нөхөд”-өө хамгаалахаас татгалзсан. Ингэж Багабанди болон түүний нөхдийн дургүйг хүргэсэн, үр дүнд нь Нямдорж Хятадын тагнуул болсон.
Сая тагнуулын газрынхан “Манай үйл ажиллагааны буруугаас болж та нэр төрөөрөө хохирлоо, уучлалт гуйж байна” гэсэн албан бичиг ирүүлж, анх удаа надаас уучлалт гуйсан л даа. Тэр үед Тагнуулын ерөнхий газарт хийсэн шалгалтын дүнг танилцуулж байхдаа би 50 хүний нүдэн дээр үхэх шахсан хүн. Араас банзаар цохиж байгаа юм шиг тас буугаад явчихсан. Бараг ухаан алдсан. Хажууд Дашбалбар сууж байсан. Бид хоёр танилцуулж байсан юм. Таван минут орчин мангар хүн шиг сууж байгаад дахиад танилцуулах гэсэн дахиад л тас буугаад явчихсан. Хоёр дахиа тэгэхэд “халзан” Ганболд өрөөнөөсөө жижиг шилтэй архи авчирч надад өгсөн. Би тэгж үхэх шахсан. Түргэн дуудаж хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд бүх юм хэвийн байсан. Шалгалт 1996 онд хийгдсэн, 1997 онд дүнг танилцуулсан, 1998 онд Зориг алагдаж, 1999 онд Дашбалбар нас барж, дараа нь миний ээж нас барсан. Ийм юманд хүртэл би орж явсан. Дашбалбар амьддаа Төрийн соёрхол хүртчихээд Бямбадорж бид хоёр гэрт нь байхад надад хандаж “Нямдорж оо, би очсон лам болгондоо чамайг даатгаж явдаг. Чи бол тэнэг шүү. Би удахгүй байх, чи амиа бодож яваарай. Наад нэг гайтай шалгалт, тэр шалгалтын үеэр уусан ганц шил архинаас болж бид бүгдээрээ дуусч байгаа шүү. Чи шалгалтын дүнг танилцуулж байгаад үхэх шахсан, Зориг дараа жил нь алагдсан. Одоо би удахгүй” гээд хуруу дарж байгаад хэлсэн. Би янз бүрийн юмнаас айдаггүй хүн чинь тэрийг сонсчихоод үстэй толгой арзайгаад, үс босоод ирэх шиг болдог юм билээ.
-Танд энэ олон мөнгөжсөн хүмүүсийн эсрэг явахад дарамт хэр их ирдэг вэ?
-Юун л сайхан байв гэж. Ард Аюуш шахаанд ордог шиг л юм болж байгаа шүү дээ. Эрдэнэтийн луйвар, Зоригийн амь насанд халдсан хэргийг шалгаж шийдвэрлэсэн булхайг ярьж эхэлснээс хойш намайг тагнаж чагнах, гутаан доромжлох, хэрэг үүсгэх зэргээр айлган сүрдүүлэх ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Одоо давраад хань ижил, үр хүүхэд рүү орж эхэлж байна.
Энэ их дайралт чинь чадвал аминд хүрэх, чадахгүй бол албыг нь хураах зорилготой юм. Би олон хүнд тэмцэлд орж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг хүндийг үзээгүй.
-Танд хувийн компани байдаг уу?
-Миний бага хүүд компани бий, түүнд нь би нэг ч тусалж чадахгүй юм. Миний хүүхдүүд ч аавын минь нэр сэвтчих вий гэсэндээ надаас юм гуйдаггүй. Яг энэ утгаараа би хамгийн өөдгүй эцэг.
-Цаазын ялыг сэргээх асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Би бол мэргэдийн үгээр л амьдардаг зарчимтай хүн. “Муу хүнд илд бүү бариул, мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэг үг байдаг. Муу хүнд илд бариулахаар төрд хэдэн үеэрээ дамжих гай тарьдаг. Цаазын ялыг цаг нь болоогүй байхад халах гээд байхаар нь, Эрүүгийн хуулийг баллах гээд байхаар нь би “Хуульчдын бослого гаргаад” дийлээгүй. Тэр үед Энхболд УИХ-ын дарга, Баттулга УИХ-ын гишүүн байсан. Одоо юу болж байна. Наад ялыг чинь халах олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс элсэж ороод Ерөнхийлөгч нь НҮБ-ын индэр дээрээс дэлхийд зарлачихсан, одоо цуцлах бол бусад улс орнуудаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон гээд бод доо.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм л хүн байвал зүгээр гэж бодож үзсэн үү?
-Олон жилийн өмнө наадмын өмнөхөн алдарт уяач Даваахүү гуай нэг нэвтрүүлэгт оролцохдоо “Энэ залуучуудыг ер нь ерөнхийлөгч болгох хэрэггүй юм байна. Жасрай гуай шиг хүнийг гаргаж ирээд Монгол төрийн ерөнхийлөгчөөр суулгачих юм бол нас намбанд нь дарагдаад төр тогтож магадгүй” гэж их ухаантай үг хэлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Жинхэнэ монгол хүний холын цөлх ухаан гэдэг чинь энэ дээ.
Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Энэ Элбэгдорж гэдэг хүн Монголын төрийг хангалттай самарсан. Ахиад Монголын төр ийм самралтыг даахгүй шүү” гэж хэлж явсан. Одоо харж байхад нэг их хол алдаагүй байх аа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг суудалд сууж байгаа хүн чинь бурхны суудалд сууж байна гэсэн үг. Үндэсний эв нэгдлийн баталгаа болох үндсэн үүрэгтэй л албан тушаал. Хар үгээр яривал, Японы эзэн хаан, Английн хатан хаан, Германы ерөнхийлөгч маягийн статустай албан тушаал. Тэгээд энэ үндэстэн талцаад, намууд нь талцаад ирвэл ард түмний өмнөөс гарч ирээд “Аятайхан байгаарай та нар” гэж хэлдэг, ийм л албан тушаал. Би Монголын нэг ч ерөнхийлөгчтэй үзэл бодлын хувьд таарч байгаагүй. Эд нар яагаад байсан бэ гэхээр энэ Үндсэн хуулиасаа хазайгаад “Би Ерөнхийлөгч учраас бүгдийг нь би мэднэ” гээд зүтгэцгээсэн. Очирбат арай ханатай байсан.
Одоо бол гүтгэлэг, худал хуурмаг, мөнгө гурваар ерөнхийлөгчийг сонгодог болчихлоо. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль ил, далд мөнгөний уралдаан, гүтгэлгийн уралдаан болсон. Дээрээс нь тагнуулын газар хоёр талд хоёуланд нь гүйцэтгэх ажиллагаагаар тус болж “буян” үйлдлээ.
-60 тэрбумын асуудал дээр таны байр суурь?
-Ямар ч байсан тийм яриа ярьцгаасан нь хаашаа ч бултаж болохгүй үнэн. Тэрийг эвлүүлэг гэж яриад байхаар миний дургүй хүрээд байгаа юм. Тэр Сандуй, Ганбаатар гэдэг этгээдүүд хоорондоо тийм юм ярьсан нь үнэн шүү дээ. Улайм цайм нүдэн дээр эвлүүлэг гээд худлаа яриад байгаа юм.
-Та ер нь нам дотроо нэлээн “үзэлцдэг”. Тантай үзэл бодол нэгдээд зоригтой үзэлцэх шинэ үе гарч ирэх нь үү?
-Сая Эрдэнэтийн шийдвэр их хурал дээр гарахад би залуучуудаар бахархсан шүү. Тэр хүртэл миний бүх найдлага гал дөл унтарчихсан байсан. Үзсээр, харсаар энэ хуйвалдааныг ингээд орхих нь, ийм л тавилантай байсан юм байлгүй гээд цөхрөнгө байдалд орчихсон байсан. Маш хүнд шалгалт болсон. Бүр занаж байгаад намайг чадахгүй болохоороо таньдаг хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Миний амыг хаах гэж, дарамтлах гэж тэр шүү дээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд бид гарын үсэг зураад бэлэн болгосон. Одоо энэ мөрдөж байгаа тогтоол л доо. Тэрийг хийгээд байж байтал нэг өрөөнд аваачаад тэр тогтоолыг юу ч биш болгоод хаячихсан. Замаас нь устгаж байхгүй юу. Ийм байдалд орчихоод байж байхад хэдэн залуучууд бужигнаж гарч ирж намайг дэмжсэн. Оюун-Эрдэнэ, Раднаасэд, Аюурсайхан, Учрал, Сүхбат гээд голдуу анх удаа Их хуралд орж ирсэн, дарамтлуулах мэнгэ толбогүй хүмүүс. Ийм гишүүд дэмжиж байж наад зүйл чинь явж, би нэг цөхрөлөөс гарсан юм. Раднаасэд ажлын хэсгийг ахалсан. Асар их дарамт үзэж байгаа шүү дээ. Одоо миний хойноос орж байна. УИХ-ын гишүүнээс нь татах гэж байна л гэнэ. Машинаар хүн дайраад алчихсан л гэнэ. Ж.Батзандан надтай хамт мөр зэрэгцэж явсан. Аль нам байх нь хамаагүй. Батзандан урьд хожид ямар байсан нь бас надад хамаагүй. Өнөөдөр зөв байж, ирээдүйгээ зөв харж чадаж байна уу гэдэг нь чухал. Үнэнийг хэлэхэд, Зоригийн хэргийг ингэж завааруулсан асуудал, Эрдэнэтийн асуудал дээр мөр зэрэгцэж явсан хүн нь Батзандан шүү. Би 1991 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд байхад Унгарын Хууль зүйн сайд манайд айлчилж Унгарт хууль зүйн чиглэлээр таван хүн сургаад өгөөч гэж гуйгаад их сургууль руу боловсон хүчний хүнээ гүйлгээд таван хүн сургасны нэг нь Батзандан. Тэгээд иргэний хөдөлгөөнд ороод гарч ирэх үед нь би хэлэх хэлэхгүй үгээр хэлж л байсан. Сая харин аминд тулсан юманд Ж.Батзандан бол зоригтой байж чадлаа.
Би бол энэ Улсын Их Хурлын залуу гишүүд бие тоох, эвдрэх хоёроос үхтлээ айдаг хүн. Алхаа гишгээ, явдлыг нь хүртэл хардаг. Шилбэ нь хаашаа, гуя нь хаашаа хөдөлж байна вэ гэж. Биеэ тоогоод ирэхээрээ цээж нь урагшаа түнтийгээд л алхаа нь холдоод алцагнаад л явж ядаад ирдэг. Энэ төр гэдэг юм чинь бодгалиас бүрддэг эд шүү дээ. Бодгаль нь буруудаад ирэхээр төр нь бурууддаг. Би төрийн ажил, хариуцлагыг эзэн нэртэй нь холбож ярьдаг, үүгээрээ бусдаас ялгаатай, бас тэр хэмжээгээр үзэн ядалт, дайсагнал өөр дээрээ “хураадаг”, шалтгаан учир нь ердөө л энгийн. Төр зөв байгаасай л гэсэндээ тэр. Хаанаасаа хаалгач нь гэдэг үгийн учир нь энэ юм шүү дээ. Монгол төрийн философи ч юм уу даа. Төр тогтох гэж нэг үг байнаа даа. Энэ чинь түшээдээсээ л шалтгаалдаг.

2018 оны 4-р сар

Ярилцсан:Н.Энхцэцэг

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо…