Бусдын PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд ирсэн хүний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ. 2021-02-10 08:38 Өчигдөр /2021.02.09/ өдөр сүүлийн 48-80 хоног халдвар илрээгүй, эрүүл ногоон бүс болсноо зарласан Сэлэнгэ аймагт хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлэл Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Одоогийн байдлаар Сүхбаатар суманд ирсэн иргэдийг халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарлаад байна. Хэдий хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй, зөрж таарсан ч нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгааг тус аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тэрээр, УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байгаа. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авсан. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан байна.
Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр сумдуудад буусан бөгөөд эдгээр хүмүүсийг олж тухайн сумдуудад нь тусгаарласан байна